Интермэд эмнэлэг 280 мянган үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээллийг кибер халдлагад өртөн алдсанаас хойш кибер аюулгүй байдал гэдэг үндэсний хэмжээнд яригдах чухал сэдэв болохыг бид эрхгүй ойлгов. Зөвхөн Интермэд гэлтгүй манай улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд кибер халдлагад удаа дараа өртсөөр байгаа билээ. Үүнээс үүдсэн хохирлын хэмжээ хэдийнэ 140-өөд тэрбум төгрөгт хүрээд байгаа юм.
ДОЛОО ХОНОГТ 60-90 МЯНГАН КИБЕР ХАЛДЛАГЫН ОРОЛДЛОГО БҮРТГЭГДЭЖ БАЙНА
Хэдий кибер аюулгүй байдлаа хангах, иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль батлагдсан ч энэ төрлийн гэмт хэрэгт Монголын төрийн болон хувийн байгууллагууд өртөж, гаднын хакер, кибер халдлагад иргэдийнхээ хувийн мэдээллийг алдсан тохиолдол удаа дараа гарав. Монгол Улс руу чиглүүлэн хийж буй кибер халдлагын оролдлого өдөрт хэдэн мянгаараа бүртгэгддэг байна. Энэ талаар ЦХИХХЯ-ны Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн газрын дарга Э.Амарсанаагаас тодрууллаа.
“Манай улсад долоо хоногт дунджаар 60-90 мянган кибер халдлагын үйлдэл бүртгэгддэг. Ингэхдээ гаднын улсуудаас Монгол руу чиглүүлэн кибер халдлага үйлдэж байна. Гадаадын 40 гаруй улсаас манай улс руу кибер халдлага хийхээр оролдсон байдаг. Энэ нь ихэвчлэн байгууллагууд хөрөнгө мөнгө дутагдалтайгаас үүдэн албан ёсны лицензгүй программ хангамж ашиглаж байгаагаас үүдэж байна.”
Монгол Улс кибер аюулгүй байдалдаа 2021 онд 13.9 тэрбум төгрөг зарцуулсан бол 2024 онд 24 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа юм. Гэвч төрийн байгууллагууд кибер халдлагад өртөх явдал багасаагүй тэр бүү хэл нэмэгдсэн байх жишээтэй.
Монгол Улс НҮБ-аас гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр 193 орноос 103-т эрэмбэлэгдсэн. Ингэхдээ ажилтнуудын техник технологийн ур чадвар, гадаад дотоодын хамтын ажиллагааанд хамгийн муу үнэлгээ авч байжээ. Тэгэхээр төсөв нэмж технологийн шинэчлэл хийснээр ажилтнуудын техник технологийн ур чадвар сайжирна гэж харж байгаа болж таарав уу?