УИХ-ын чуулганы /2024.11.14/-ний өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Олон нийт болон гишүүддээ энэ өглөөний мэнд хүргэе. Хамтарсан засгийн газар байгуулагдаад олон нийтийн хүлээж буй зүйл бол эдийн засгийн өсөлтийг яаж бий болгох вэ? гэдэг зүйл байгаа. Хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татаж чадсанаар энэ хамтарсан засгийн газрын үр дүнг дүгнэнэ түүнээс биш хэдэн удаагийн хурал, зөвлөгөөнд явснаар нь дүгнэхгүй байх. Тиймээс энэ бол засгийн газрын хөтөлбөрт дусаж байгаа томоохон эдийн засгийн бодлогыг дэмжих ажлын байрыг бий болгох, шинжлэх ухаан инновацын ололтыг нэвтрүүлэх цаашдаа гадаад харилцааны бодлого дээрээ ямар байр суурь барих гэж байгаа юм бэ гэдгийг илэрхийлж болох томоохон чухал сэдэв үүний цаана олон төслүүд хэрэгжээсэй гэж бодож байгаа. Хамгийн чухал нь олон нийтээсээ дэмжлэг авч явахын тулд иргэд, олон нийтдээ зөв мэдээлэл өгч байх нь зөв. Тийм учраас асуулт, хариулт дээр иргэддээ мэдээлэл өгөх үүднээс хэд хэдэн зүйлийг асууя гэж бодож байна. Иймэрхүү зүйлүүдийг өгөхгүй бол иргэд маань шинжлэх ухаанаар тогтоогдож байгаа зүйлсийг үгүйсгэж, хэт их худал мэдээлэлд төөрөгдөх эргээд бусдын эрх чөлөөг хөндөх эсхүл өөрөө өөрийнхөө эрх чөлөөг хохироох явдал гарч байна ялангуяа орон нутгийн иргэд. Тэгэхээр энэ мэдээллийг өгөхөөс гадна цаашдаа засгийн газрын холбогдох сайдууд бодолцох ёстой байх.
Бид хэд АМНАТ-ийн орж ирж буй орлогын түлхүү хувийг орон нутагт нь үлдээх бодлогыг ойрын хугацаанд ярилцаж шийдмээр байгаа юм. Ингэж байж уул уурхайн төслүүд орон нутгийнхаа иргэдийн дэмжлэгийг авч явах уу гэдэг асуудлаа тодорхой болгочихмоор байна .
Хоёрдугаарт нь газрын орд ч юм уу, уран ч юм уу ер нь тодорхой ашигт малтмалын салбарууд дээр энэ төсөл хэрэгжүүлэгч нь олон нийтийн компани байх буюу ялангуяа орон нутгийн иргэд тэргүүн ээлжид энгийн хувьцаанаас нь авдаг эрхийг нь нээмээр байна. Харин авахгүй бол дараагийн шат гэдэг ч юм уу ийм байдлаар иргэдэд бас баялагтаа эзэн байх асуудлыг зөвхөн үндэсний баялгийн сангаар дамжуулах биш шууд тухайн төсөл хэрэгжүүлэгч компанийн хувьцааг эзэмшигч байдлаар бий болгох энэ нөхцөлийг бүрдүүлэхэд засгийн газар бодлогоо анхаараач ээ, судлаач ээ хэмээн хүсэж байна.
Би хувьдаа, харилцаа холбоо болон энэ уул уурхайн салбарын төсөл хэрэгжүүлэгч нь олон нийтийн компани байхыг л хүсдэг. Ковидоор харсан, ганцхан дампуурдаггүй орлого олсон салбар бол харилцаа холбоо, контентын салбар л байсан. Тэгэхээр баялгийг хүртээнэ гэдэг чинь зөвхөн уул уурхай биш ийм тодорхой эдийн засгийн секторуудыг анхнаасаа бодлогоо гаргаад олон нийтийнх байх шаардлагыг тавих нь зүйтэй.
Энэ төсөл дээр АМНАТ-ийг нэлээн боломжийн авахаар орж ирсэн. ОУ-ын жишиг хандлага хэр байна вэ? Хамгийн их АМНАТ авч байгаа Узбекистан 8 хувьтай байгаа тэгтэл бид нар ямар ямар байдлаар АМНАТ авах гэж байна үүнийг бас иргэд олон нийтэд мэдээллийг тодорхой өгөөч ээ. АМНАТ-аас гадна, ААН-ийн орлогын албан татварыг ямар хувиар авах гэж байгаа юм дээрээс нь бусад татварууд байгаа. Бусад татваруудыг хөнгөлж чөлөөлөх зүйл байхгүй тэгэхээр энэ бүх зүйлүүдийг ард Үндсэн хуулийн үзэл баримтлалд заасан байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдох концепцид нийцэж байна уу?
Түүний асуултад мэргэжлийн шинжээчид болон салбарын сайд нар хариуллаа.