Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2031 он хүртэл 100 сая мод тарьж, ургуулах зорилгын хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан суманд мод үржүүлгийн газар байгуулж, 50 га газарт жигд, заг, сухай, бүйлс, хайлаас, харгана, чонон хармаг, сибирь хармаг зэрэг гучин сая модны тарьц суулгац үржүүлэхээр төлөвлөжээ.
Дээрх ажлын хүрээнд мод үржүүлгийн газар байгуулах ТЭЗҮ-г боловсруулж байгаа Си Эи Жи Энд Эс ХХК энэ сарын 12-нд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдэд ажлын явцыг танилцуулж, санал солилцов.
ТЭЗҮ-д тусгагдсанаар мод үржүүлгийн газарт 500 м2 бүрэн автомат өвлийн хүлэмж хоёр ширхэг, 6х10 харьцаатай нийлэг хальсан хүлэмж 10 ширхэг, үржүүлгийн 30 сая эко бортого үйлдвэрлэх үйлдвэр байгуулах юм.
Тус үйлдвэр нь нэг тонн түүхий эдээр нэг сая бортого үйлдвэрлэх хүчин чадалтай аж.
Мөн мод үржүүлгийн газар нь хэрэглээндээ саарал ус ашиглах бөгөөд усыг өдөр бүр шинжилж байх зорилгоор лаборатори байгуулна.
Шинээр 100 ажлын байрыг бий болгож, эко хавтан ашиглан ажилчдын байр, сургалтын танхим, цайны газар, машин техникийн граж, засвар үйлчилгээний хэсгийг цогцоор нь шийдэх юм.