Ханиадтай хүүхдийг гэрээр эмчлэх эмчилгээний багцыг өрхийн эмнэлгээс өгдөг болно гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрөгч есдүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн. Иргэд ханиадны багц гэж зүйл байгаа ба ЭМДЕГ-аас өрхийн эмнэлгүүдээр дамжуулан тарааж байна гэж ойлгосон. Тэгвэл өрхийн эмнэлгүүд дээр уг ханиадны багц нь хэр хүртээмжтэй байгаа мөн багцад юу юу багтаж байгааг өрхийн тодрууллаа. Мөн эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрэхэд нэг удаадаа хэдэн төгрөг зарцуулдаг болохыг сурвалжилсан юм.
М.Алтанхуяг Эрүүл өрх ӨЭМТ-ийн дарга
Сайд ханиадны багц тараана гэж ярьснаас хойш иргэд утсаар залгаад хүүхдийнхээ багцыг авъя гэх болсон. Гэтэл бидэнд хангамжаар ирж байгаа зүйл огт байхгүй шүү дээ. Өрхийн эмнэлгүүд өөрсдийнхөө төсвөөс багцаа бэлдэж байна. Үүнийхээ дараа ЭМДЕГ-аас мөнгөө нэхэмжилдэг. Гэвч одоог хүртэл 10-р сард тараасан томуугийн багцын мөнгө дансанд шилжиж орж ирээгүй байна. Энэ мэт асуудлаас үүдэн олон тооны томуугийн багц бэлдэж чадахгүй байгаа юм. Манай эмнэлгийн тухайд 10-р сард 51 томуугийн багцыг тараасан. 11-р сард өнөөдрийн байдлаар 12 томуугийн багцыг олгосон ийм нөхцөл байдалтай байна. Даатгалаас нэхэмжилсэн мөнгө хурдан шилжиж ирдэг бол бид дор бүр нь захиалаад эргэлдүүлээд байх боломжтой. Одоогоор эм хангах нийлүүлэх төвүүдээс багцын эм, амин дэмээ зээлээр авч байна. Гэвч томуугийн идэвхжилийн үе эхэлсэн учир зарим вирусийн эмийн олдоц багасах жишээтэй.
Багцыг өгөхдөө эмч эхлээд заавал үзлэг хийнэ. Үзлэг хийгээд хүүхдэд эмчилгээ зөвлөхдөө тухайн хүүхдийн амьдралын нөхцөл байдал бусад эмнэлэгт хэвтэх боломжгүй шалтгааныг харгалзан үзэж томуугийн багцыг олгож байгаа юм. Нэг томуугийн багцын төсөв 80 мянган төгрөг бид үүндээ тааруулан вирусийн, шинж тэмдгийн, дархлаа дэмжих эм бэлдмэлүүдийг оруулж байгаа юм. Тиймээс эцэг эхчүүд дээрх зүйлсээс томуугийн багцыг хүссэн бүх өгөх боломжгүйг ойлгох хэрэгтэй. Томуу томуу төст өвчний дэгдэлт улам бүр ихсэж байна. Тиймээс бид аль болох олон багц бэлдэхийг хичээх болно.
Иргэдийн тухайд хүүхдээ нэг удаа ханиад хүрэхэд 150 мянган орчим төгрөгийг зарцуулдаг ажээ. Эмчийн бичиж өгсөн вирусийн эм, антибиотик, харшлын эм зэрэг нь 60-70 мянган төгрөг болдог бөгөөд давхар дархлаа дэмжих ашигтай бактери, амин дэм нь дор хаяж 70-80 мянган төгрөг болдог байна.
Би тэрсхэн хоёр хүүхэдтэй. Өвлийн улиралд бол байнга шахуу л эмнэлгээр явж байна. Нэг удаадаа эмчийн бичиж өгсөн эм, амин дэмийг авахад дор хаяж хамгийн хямддаа 150-160 мянга болдог. Хоёр хүүхдэд хамт авах учраас 200-300 мянган төгрөг болж байгаа юм. Ойр ойр ханиад хүрдэг учраас өрхийн санхүүд их нөлөөлнө. Гэхдээ хүүхдүүдээ л эрүүл байлгаж байвал энэ мэт нь тийм хүнд асуудал биш шүү дээ.
Зөвхөн нэг удаадаа ойр зуурын ашигтай бактери, амин дэм авахад л дор хаяж 60-90 мянган төгрөг болдог. Өчигдөр бид хоёр эмчид үзүүлээд эм бичүүлж авсан тэр нь мөн 60-70 мянга болж байсан.
Одоо дэгдэж байгаа ханиаданд эцэг эхчүүд ханиадны эмээс илүүтэй антибиотик болон вирусийн эмүүд гол түлхүү авч байгаа. Энэ ханиад нь хоолой залгиур барьсан, хамар ам боосон ханиад. Өрхийн эмнэлэгийн эмч, хүүхдийн эмч нар ихэвчлэн вирусийн эм, антибиотик болон ямар нэгэн шинж тэмдэг дарах эм бичиж байна. Энэ эмүүд нь дангаараа 50-60 мянган төгрөг болж байгаа юм. Үүн дээрээ дархлаа дэмжих ашигтай бактери амин дэм нэмэгдэнэ. Тэдгээр нь янз бүрийн үнэтэй. Ер нь нийтдээ 100 гаруй мянга болдог.