Сүүлийн өдрүүдэд “Халзан бүрэгтэйн төсөл”-ийн асуудал олны анхааралд байна. Энэ төсөл хэрэгжсэнээр Ховд аймгаас гадна зэргэлдээ аймгуудын байгаль орчинд сөргөөр нөлөөлнө гэх яриа иргэдийн дунд байдаг бөгөөд төслийн үйл ажиллагаатай холбоотой тодорхой бодлогын шийдвэр гаргахгүй байгаа нь нутгийн иргэд, аж ахуй нэгжийн хооронд тэмцэл үүсгээд байгаа юм.
Газрын ховор элементийн орд болох “Халзан бүрэгтэйн төсөл”-ийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Газрын ховор элементийг бодлогоор дэмжинэ” гэсэн байгаа. Бодлогоор дэмжинэ гэдэг нь энэ төрлийн ордуудыг ашиглах болон тусгай зөвшөөрлийг олгоно гэсэн үг үү? эсвэл үйл ажиллагааг нь дэмжинэ эсвэл хязгаарлана гэсэн үү? гэдгийг тодорхой болгох шаардлагатай байна.
Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд 2024 оны 11 дүгээр сарын 6 болон 7-ны өдрүүдэд нэр бүхий иргэд, Төрийн бус байгууллагуудын зохион байгуулсан зөрчилдөөн, иргэдийг турхирсан үймээн болсон байна. Энэ талаар “Халзан Бүрэгтэй”-д газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан Нешнл рийр ийрт корп” ХХК-ийн зүгээс үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээллийг гаргажээ.
Мэдэгдэлд,
“Нэн тэргүүнд үймээний үеэр төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэж бэртсэн, эд материал, сэтгэл санааны хохирол амссан Аурум металс ХХК-ийн 34 ажилтан, Тригтек ХХК-ийн 7 ажилтан, Мон Каротаж ХХК-ийн 2 ажилтан, Пүүжээ Гоби стар ХХК-ийн 9 ажилтан, Ган эрдэнэ хишигтэн ХХК-ийн 10 ажилтан, Төсөл хэрэгжүүлэгч МНРИК ХХК-ийн 4 ажилтан буюу нийт 66 ажилтан, тэдний гэр бүлээс уучлал хүсэн харамсаж буйгаа илэрхийлье.
Халзан бүрэгтэй төслийн талбайд болсон үйл явдал бол орон нутгийн иргэдийн үзэл бодол, хууль ёсны санал бус харин гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эсрэг зориуд өдөөн турхирсан, өндөр хэмжээний зохион байгуулалттай, Монголын уул уурхайн салбарт урт хугацааны ихээхэн хохирол учруулах зорилго бүхий үймээн, арга хэмжээ байсныг мэдэгдэж байна. Нэр бүхий иргэд, төрийн бус байгууллагууд газрын ховор элементийн төслийг ураны төсөлтэй адилтгасан сөрөг мэдээллийг нийгмийн сүлжээнд зориудаар эрчимтэй түгээж, шинжлэх ухааны үндэслэлгүй, баримт нотолгоогүй мэдээллээр нийгэмд төөрөгдөл үүсгэснээр уг асуудал улам даамжирч, улмаар Ховд аймгийн Цагдаагийн газар ч хяналтдаа оруулж чадахгүй өргөн хүрээтэй үймээн болж хувирсан.
Иймд тухайн олныг хамруулсан үймээнийг зохион байгуулсан, удирдсан, санхүүжүүлсэн байж болзошгүй этгээдүүд, ТББ-уудыг төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс хуулийн байгууллагад шалгуулж, зохих ёсны хариуцлагыг тооцуулах болно.” гэжээ.
Халзан бүрэгтэй төсөл нь Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сард төслийн Урьдчилсан ТЭЗҮ дуусаж, үргэлжлүүлэн эцсийн шатны буюу Нарийвчилсан ТЭЗҮ бэлтгэх ажлыг эхлүүлсэн байна. Мөн төслийн “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-ний судалгааг Австрали, Өмнөд Африк, Канад, Монгол Улсын компаниудын хамтарсан багаар 2024 оны 01 дүгээр сараас хойш гүйцэтгүүлж байгаа бөгөөд 2026 оны эхний улиралд дуусах төлөвлөгөөтэй байгаа тухай тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Газрын ховор элементийг олборлох, ашиглах тухай ойлголт бол бидний хувьд шинэ зүйл. Газрын ховор элемент нь,
Газрын ховор элемент буюу Rare earths elements (REEs) нь химийн үелэх систем дэх 57-71 (лантанидууд) атомын дугаартай элементүүд мөн сканди, иттриумийг багтаасан 17 элементийн бүлэг нэр юм. Эдгээр нь хэмжээний хувьд харилцан адилгүйгээр дэлхийн хурдас, чулуулагт тархсан байдаг. ГХЭ нь компьютерын хатуу диск, өнгөт зурагт, гар утасны дэлгэцээс эхлээд цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн мотор, сансрын төхөөрөмжийн эд анги, батлан хамгаалахын тоног төхөөрөмжүүдэд ордог хэрэглээний хувьд харилцан адилгүй өндөр технологийн түүхий эд юм.
Энэ утгаараа эдийн засгийн үр өгөөжийг харвал технологийн хөгжлийн хурдаас шалтгаалсан газрын ховор элементийг дэлхийн зах зээлд нийлүүлэх өргөн боломж бидэнд буй.