Монгол Улс түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг “Оюу толгой” төсөл дээр хийсэн байдаг. Энэ гэрээнд гавьяа бий, гай ч бий. Харин Оюу толгой төслийн дараа эрэмбэлэгдэх, манай улсад орж ирж буй томоохон хөрөнгө оруулалт Францын “Орано” групптэй хамтран хэрэгжүүлэх ураны ордуудын төсөл юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 оны аравдугаар сард БНФУ-д хийсэн төрийн айлчлалны үеэр Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан.
Энэ төслөөс Монгол Улс 30 жилийн хугацаанд нийт дүнгээрээ 3.2 тэрбум орчим долларын орлогыг татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр хүртэхээр болж байгаа нь өндөр ач холбогдолтой. Франц Улс ТЭЗҮ-ийг боловсруулсан. Үүнээс 4.5 тэрбум долларын цэвэр ашигтай байна гэсэн тооцоолол бий.
Энэ үнийн дүнгээс 1.6 орчим тэрбум долларыг Монгол Улс АМНАТ хэлбэрээр авч буй нь нийт төслийн ашгийн 25 орчим хувийг баталгаатай авах нөхцөл бүрдлээ гэж ойлгож болно. Төсөл ашиглалтад орсон жилээс эхлээд жил бүр татвар болон АМНАТ хэлбэрээр 100 орчим сая ам.долларыг тогтмол авах нөхцөл бүрдэж байгаа тухай жилийн өмнө Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа мэдэгдсэн.
Дэлхий дээр ураны нөөцтэй 16 улс байдгийн нэг нь Монгол. Манай улсад дэлхийн нийт ураны нөөцийн 2 хувь нь оршдог.
Эдгээр улсууд ураныг олборлох явцад шар нунтаг гэх бүтээгдэхүүн гаргаж авдаг. Тухайн шар нунтгийг цөмийн эрчим хүчний түлш болгон хувиргадаг, боловсруулах үйлдвэр нь таван улсад л бий” гэв. Тэдний нэг нь Франц.
2020 онд дэлхий даяар 6529 тонн уран олборлосон, туршлагатай “Орано Майнинг” нь Канад, Нигер, Казахстан зэрэг улсад уран олборлодог байна. Дэлхийн уран олборлох үйлдвэрүүдийн 57 хувь нь ашиглаж буй ГДУО (Газрын доор уусган олборлох) аргыг Зөөвч-Овоо ордод хэрэглэх аж.
Францын талаас 70 орчим хуудас хөрөнгө оруулалтын гэрээний төслийг ирүүлсэн бөгөөд Монголын Засгийн газраас уг гэрээнд өнөө ч маргаан дагуулдаг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг давтахгүй байхын тулд хуулийн хүрээнд Монголын талд ашигнтай байх зохицуулалтууд хийж эхэлсэн.
Ойрын өдрүүдэд Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй.
Монголчууд бид Уран, шар нунтаг гэхээр хортой хийг цацраг ялгарч тухайн орон нутгийн хүн зоныг, мал сүрэгтэй нь хордуулж, найман хөлтэй ишиг, хоёр толгойтой ямаа төрж, мал амьтан үхлээ гэж хоосон хөөсөрдөг. Гэтэл сүүлийн таван жилийн хугацаанд яг энэ асуудлаар Дорноговь аймагт 5-6 удаа Ажлын хэсэг байгуулагдан ажилласан бөгөөд шинжлэх ухааны байгууллагын бие даасан эрдэмтдийн багийн тайланд нэг л дүгнэлт байгаа нь “цацрагаас болж хүн, мал хордсон нь тогтоогдоогүй” гэдэг.
Францын “Орано” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ Монголд ямар ашигтай вэ?
Нэгдүгээрт, улс төрийн талаас харвал энэ бол гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалт. Франц бол цөмийн зэвсэгтэй улсуудын нэгээс гадна Европын холбоонд чухал нөлөөтэй улс. Энэ улсаас хөрөнгө оруулалт татаж буй нь өөрөө хамгийн чухал ач холбогдол. Гэрээг бид хувь хүнтэй ч юм уу, нэг компанитай хийхгүй, Засгийн газартай хийнэ. “Орано” компанийн 85 хувь нь төрийн өмч, үлдсэн 15 хувийг төрийн өмчийн компаниуд эзэмшдэг.
Хоёрдугаарт, Франц улс бол ураны салбарын технологиороо дэлхийд тэргүүлдэг. Манай улсад ураны салбарт дэлхийд тэргүүлэх технологи нутагших том боломж.
Гуравдугаарт, Ажлын байр нэмэгдэнэ. Одоогийн тооцоолж байгаагаар 1600 гаруй ажлын байр орон нутагт бий болно. Өмнө нь байгуулсан орд ашиглах гэрээгээр ажилчдын 98 хувь нь монгол хүн байх ёстой. Гаднын хүмүүс орж ирж ажиллахгүй. Дээрээс нь туслан гүйцэтгэх компаниудад 500-600 гаруй ажлын байр бий болно.