Улсын Их Хурал асуудал ихтэй төсвийг, улс төрийн тохиролцоонд хүрч, хуулийн хугацаанд багтаан баталлаа.
Монголын түүхэнд байгаагүй өндөр өсөлттэй, хэт тэлэлт, урсгал зардал нэмэгдсэн, үр ашиггүй үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн гэх мэт төсвийг батлахгүй, Засгийн газарт буцаах тухай гишүүд өргөх бичигт гарын үсэг зурж, иргэд цахимаар төсвийн үрэлгэн зардлуудыг хэмнэхийг эрх баригчдаас шаардсан өргөдөлд санал өгч шүүмжлэлтэй хандаж байсан. Гэсэн ч УИХ-ын даргын зүгээс санаачилга гарган хуулийн хүрээнд 2025 оны төсвийн хуулийг эвлэгхэн авч гарч, эцэслэн батлуулж чадсан. Энэ нь “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол” буюу 2025 оны төсвийн ТОДОТГОЛ байлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх явцад Төсвийн хуульд хариуцлагагүй хандсан хүмүүст ХАРИУЦЛАГА ТООЦОХ ёстой гэсэн байр суурьтай гишүүд олон байлаа.
Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамныхан ийм төсөв оруулж ирсэнд хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Н.Номтойбаяр нар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг байнгын хорооны даргаас нь чөлөөлөх ёстой гэлээ.
Харин төсөв хэлэлцэх цагаар төрийн айлчлал хийгээд сайд нараа дагуулаад явсан Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд бусад сайд нарынхаа хамтаар хариуцлага хүлээх ёстой гэдгийг Н.Номтойбаяр, Ч.Анар гишүүд хэлсэн бол өргөн бариад 2 сар шахуу болж байхад төсвийн хуулиа уншиж, танилцаагүй эсвэл зориуд улс төр хийж байгаа УИХ-ын гишүүд хариуцлагатай байгаач ээ хэмээн Ч.Лодойсамбуу танхимын нөхөдөө ажлаа хийхийг уриаллаа.
Эцэстээ 126-уулаа сонгогдсон хэрнээ хуралдаа бүрэн ирцээрээ ирж суудаггүй, одоо ч танхим нь хоосон шахуу байгаа юм чинь “Ер нь хэдүүлээ таръя дөө” гэх ч гишүүн байлаа.
Баталсан төсвөө хэрэгжиж эхлэхээс нь өмнө тодотгол оруулж байсан тохиолдол Монголын парламентын түүхэнд байхгүй. Тэгвэл энэ парламент 12 сард 2025 оны төсөвтөө тодотгол оруулж, түүхэнд тэмдэглэгдэх нь ээ.