Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд өчигдөр /2024.11.07/ боллоо. Шүүх хуралдаан хэрхэн өрнөж, шийдвэр гаргасан болон шүүхийн байрны гаднах үйл явдлыг тоймлон хүргэж.
Шүүх хурал өглөө 10:00 цагт эхэлж, 19 цагт дууслаа. Шүүхийн байрны гадаад хэвлэл мэдээлэл, түүний ар гэр, холбогдох байгууллагуудын төлөөлөл, УИХ-ын зарим гишүүд, хуульч, өмгөөлөгчид Н.Өнөрцэцэгийн хэрэгттэй холбогдуулан байр сууриа илэрхийлж, хуралдааны шийдвэрийг хүлээсэн. Давж заалдах шатны шүүх хуралд Н.Өнөрцэцэгийн найман өмгөөлөгч оролцож, холбогдох хэргүүдэд тайлбараа танилцууллаа.
Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ГЭР БҮЛ ШҮҮХ ХУРАЛДААНААС ӨМНӨ ТҮҮНТЭЙ УУЛЗАХЫГ ХҮССЭН Ч БОЛОМЖ ОЛГОСОНГҮЙ
Шүүх хуралдаан хаалттай явагдсан бөгөөд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн байранд авч ирэх үед түүний ээж, эгч, дүү, том хүү нь хашааны гаднаас харсан бөгөөд Н.Өнөрцэцэг тэдэнтэйгээ уулзахаар зүтгэсэн ч цагдаагийн хатуу хамгаалалт дор шүүхийн байр луу орсон.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн том хүү:
-Ээжийгээ их санаж байна. Гараад ирэх байх аа гэж найдаж байна. Дүү маань ээжийг хаана байгааг гадарлаад байх шиг санагдсан. Сүүлийн 14 хоног дүү маань орой болгон уйлж байгаа. Би ч гэсэн ээжийгээ санаж байна гээд дүүгээ тайтгаруулсан байдалтай л байна. Ээжийгээ гараад ирэхийг хүлээж байгаа.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа:
-Охин минь хоол унд идэж уугаагүй зөндөө удлаа. Охинтойгоо уулзчих болов уу гэж зөндөө харлаа. Уулзуулсангүй. Ээж рүүгээ хараад нэг зүйл хэлээд байсан, ээж рүүгээ бодвол нэг зүйл хэлье л гэсэн байх. Холоос, шүүх рүү орж байгааг нь харснаас ойроос охиныгоо харж чадсангүй.
ШҮҮХ ХУРАЛДААНД СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛ АЖИГЛАГЧААР ОРОХ ХҮСЭЛТИЙГ ШҮҮХ ТАТГАЛЗАВ
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:
-Анхан шатны шүүх хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан. Өмгөөлөгчгүй хуралдсан. Тиймээс холбогдох бүх байгууллагуудаас хүсэлтээ өгсөн ч эхнээс нь хүсэлтийг хангаж өгсөнгүй. Н.Өнөрцэцэгт холбогдуулсан 5 хэргийг нэг хавтаст хэрэг болгочихоод бүхэлд нь маш нууц гэсэн тамга дарчихсан учраас дундаас нь 2, 3 хэргийг нь таслах боломжгүй учраас хууль зүйн гаргалгаа байхгүй гэдэг хариу өглөө. Ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан ч хэргийн оролцогч биш учраас шүүх хуралдаанд оролцуулахгүй гэлээ.
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛ “ХААЛТТАЙ” ХУРАЛДСАН
Давж заалдах шүүх хурлаа удтал хүлээж нээлттэй, ил тод шүүлгэхээр 72 цаг өлсгөлөн зарласан Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүх хангах боломжгүй гэсэн хариу өгч, хуралдааныг хаалттай явууллаа. Эл шалтгаанаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “зарим заалтыг нь салгаж шүүх хурлыг нээлттэй явуулах хууль эрх зүйн орчин байхгүй” гэж тайлбарласан.
Шүүх хуралдаанд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, Б.Ариунхишиг, Б.Зориг нарын шүүгчид шүүж, Улсын яллагчаар Н.Улсболд, Б.Энх-Эрдэнэ нар оролцов.
ШҮҮХ ХУРАЛДААНД Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН НАЙМАН ӨМГӨӨЛӨГЧ ОРЖ, ХУУЛИЙГ ХЭРЭГЛЭЖ, ТАЙЛБАРЛАЖ, МЭТГЭЛЦЭВ
Өмгөөлөгч П.Эрхэмбаяр:
-“Хэргийн оролцогч субьектууд шүүх хуралд ажиглагчаар оролцож бас нээлттэй явуулах хүсэлт гаргасан. Н.Өнөрцэцэг өөрөө энэ талаар хүсэлтээ гаргасан. Өмгөөлөгч нарын зүгээс дахин тусгаарлаж нээлттэй явуулах хүсэлтийг гаргана. Энэ бол нэг үндэслэл болно. Хэрхэхийг шүүх бүрэлдэхүүн шийднэ. Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг нээлттэй шүүх асуудлаар шүүхээс тоймлоод хаалттай явах үндэслэл байна гэж үзсэн. Харин өмгөөлөгч энэ мэдээг гарахаас өмнө эрхзүйн орчны талаар боломжтой эсэхийг хэлж байсан. Энэ салбарт ажиллаж байгаа өмгөөлөгчийн хувьд би шүүхдээ итгэнэ. Хуулийг хэрэглэж, тайлбарлаж, мэтгэлцэж шүүх хуралд орно. Шүүхийн танхимд хэн нэгнийг гүтгэж, өс хонзонгийн сэдлээр шүүхгүй байх. Би үүнд найдаж байгаа”
Өмгөөлөгч Р.Булгамаа:
-“Хууль хэрэглээний хувьд хүний эрх зүйн байдлыг дордуулсан ямар асуудал байгааг бодитой нарийвчилж авч үзэх байх. Цаашид хүний эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд ямар тохиолдолд тусгаарлах, ямар тохиолдолд нээлттэй байхыг хүртэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан зохицуулах хэрэгцээ шаардлага байгаа нь харагдлаа. Тэр байтугай хамтран ажиллаж байгаа өмгөөлөгч нарын тухайд хүртэл гэм буруутай гэж буруутгагдаж байгаа нотлох баримт, хавтаст хэргүүдтэй нэг бүрчлэн танилцаад товчлол, тэмдэглэл хийгээд шүүхээс авч гарах эрх хүртэл өнөөдөр хязгаарлагдсан байна.
Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийг Анхан шатны шүүх рүү буцаах хүсэлт гаргасан. Үүнийг шүүгчид хүлээж авбал Н.Өнөрцэцэг суллагдаж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа шинээр үргэлжлэх хүлээлттэй байв.
УИХ-ЫН ГИШҮҮД ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ, ШҮҮХ ХУРАЛДААНД ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ БАЙГАА ЭСЭХЭД ХЯНАЛТ ТАВИХААР ШҮҮХИЙН БАЙР ЛУУ ОРОВ
УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа:
-Анхан шатны хэрэг хянан шийдвэрлэхээс эхлээд прокурорын дүгнэлт үйлдэхдээ хэргүүдийг нийлүүлээд нууцалсан дүгнэлт гаргасан. Хэд хэдэн хэрэг байгаа ч салгах боломжгүй, бүгдийг нь нууцлалтай болсон. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нууцын зэрэглэлээр хамгийн өндөр буюу маш нууц гэсэн зэрэглэлтэй учраас бүх хэргийг нууцад авчихаад байгаа юм. Олон нийтэд мэдээлэх боломжгүй. Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар байгаа учраас эрхийг нь хамгаалж, хууль зүйн зөвлөгөө өгөөд явж байна.
Миний хувьд хүний эрх нь хангагдаж, шүүх үйл ажиллагаа хуулийн хүрээнд явж байгаа эсэхэд хяналт тавихаар орсон. Яам тамгын газруудад төрийн, албаны тухай хуулиар цалингийн нэмэгдэл аваад хариуцан ажилладаг 1-2 хүн байдаг. Хуулиар хариуцлага хүлээдэг учраас ийм юм. Энэ хэрэгтэй холбоотой нууцын баримт бичгийг задруулсан хариуцсан албан тушаалтанг Тагнуулын байгууллага шалгаж байгаа гэж ойлгосон. Шүүх хуралдааныг яагаад нээлттэй явуулахгүй байна вэ гэдгийг даргатай нь уулзаж асуусан. Үүнийг тухайн хэргийн шүүгч л мэдэх зүйл учраас тайлбар хэлэх боломжгүй гэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-“Шүүх хуралдаан нэгэнт хаалттай л бол хэнбугай ч байсан орох эрхгүйг ойлгох хэрэгтэй. Шүүхийн хараат бус байдлыг улам нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тийм учраас би судлая гэж бодож байгаа. Бусад улс орны шүүх байгууллага байдаг шиг төсвийн нийт зарлагын тодорхой хувийг шүүх засаглалд зориулна гээд хувилаад тавиад өгчихмөөр юм билээ. Тэгж байж магадгүй манай шүүхийн тайван тухтай ажиллах боломж нэмэгдэнэ. Дээрээс нь шүүгчээр ажиллах хүн тэр болгон их байхаа больж байгаа тийм аюул байгааг шүүгчид ярьж байгаа. Тэгэхээр бид нар шүүгчийн цалин хөлсний асуудлыг ч ярих ёстой.
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЯВЦАД ДӨРВӨН ХОХИРОГЧ, ТЭДНИЙ ӨМГӨӨЛӨГЧ НАР ТАЙЛБАР ГАРГАВ
Шүүх хуралдаанд хохирогч Х.Ундрах-Оргил, Б.Өнөрбат, Ж.Эрэвхийлхам болон түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар тайлбар гаргалаа. Ж.Эрэвгийлхам нь “найман ишигний” гэх хэргийн хохирогч юм. Улмаар шүүх хуралдаан завсарлаад 14.50 цагт үргэлжилж, хохирогч Д.Мөнхтуулын өмгөөлөгч С.Соёлмаа, хохирогч Ц.Гарамжавын өмгөөлөгч нар тайлбар гаргасан юм.
Үүний дараа прокурор Н.Улсболд тайлбар, дүгнэлтээ танилцуулав. Прокурор дүгнэлтийн дараа шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдсөн.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН ШИЙДВЭРЭЭ ГАРГАЖ, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ГОМДЛЫГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
Шүүх хуралдаан хаалттай хуралдсан ч магадлалаа нээлттэй танилцуулсан юм. “Магадлалаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 707 дугаартай шийтгэх тогтоол, давж заалдах гомдол гаргасан хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэгт баталбал зохих зүйлүүд батлагдан тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хэргийн бодит байдлыг тогтоож хуульд нийцсэн шүүгдэгчид холбогдох хэргүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар нь хэр хэмжээ зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн хэрэгт нийцсэн байна гэж дүгнэж байна.
Хаалттай шүүх хурлын үйл ажиллагаа тодруулж ярих боломжгүй учраас өмгөөлөгч нарын шүүгчдэгч нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, магадлалд тодорхой албан бичгээр хүргүүлнэ. Шүүгчдэгчийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцох, энэ магадлалыг эс зөвшөөрвөл Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдэж байна.” хэмээн өөрийн цахим хуудастаа дүрс бичлэгээр нийтэлсэн юм.
Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэр
ШҮҮХ ХУРАЛДААН ДУУСАЖ, СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ӨМГӨӨЛӨГЧИД ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БУС БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг сонссоны дараа Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ.
Өмгөөлөгч нар шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд сайн ажилласан бөгөөд хяналтын зарчмаар гомдол гаргах нэг эрх бий. Н.Өнөрцэцэг сэтгэл санаа тайван байгаа. Найман өмгөөлөгч оролцож, мэтгэлцэхэд Н.Өнөрцэцэг өөрөө хэргийн талаар тодорхой ойлголттой боллоо. Өөрөө ч өмгөөлөгч нартаа тодорхой талархал илэрхийлсэн. Хуулийн хүрээнд боломжит бүх арга хэмжээг шат шатанд нь аваад явна гэдгийг хэллээ. Одоо уг хэргийг заавал Улсын дээд шүүхээр хэлэлцүүлэхээр өмгөөлөгчид ажиллана. Улсын дээд шүүх уг хэргийг хэлэлцэхгүй гэвэл процесс ингээд дуусна. Хэлэлцвэл эцсийн байдлаар нэг талд нь гаргана гэсэн үг.
Харин Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Н.Өнөрцэцэгийн гэр бүл хүлээн авч чадахгүй, ойлгохгүй байна гэдгээ илэрхийлсэн бөгөөд Монголын шүүх байгууллага шударга, ард иргэддээ тэгш үйлилдэг гэдэгт эцсээ хүртэл итгэсэн гэдгээ хэллээ. Мөн түүний эгч Н.Өнөрбаяр хэлэхдээ,
“Энэ хүнийг ямар нэгэн аргаар шоронд хий гэсэн үүрэг өгсөн байна. Одоо миний дүүгийн амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн эрсдэл учирвал хэн хариуцлага хүлээх вэ. Энэ бүхний цаана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаа. Үүнийг би хэлье. Одоо бид яах юм бэ. Яаж ч чадахгүй хэдэн хүн байгаа болохоор дээрэлхэж байна. У.Хүрэлсүх ээ, огцор. Чамаар удирдуулж яваадаа бид харамсаж байна. У.Хүрэлсүх гэдэг хүн бүгдийг коммандалж байна.” гэсэн нь олон нийтийн анхаарлыг онцгой татаж эхэллээ.
Үүний дараа 19 цаг 40 минутын үед сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдаагийн хамгаалалт дор хорих 461-р анги руу авч явлаа.