Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ян Жинтай Шанхай хотноо уулзаж, Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд хөрөнгө оруулалт татаж, шаардлагатай дэмжлэг, бүх талын ойлголцлыг бий болгосноор олон улсын жишиг бүс бүтээн байгуулах бололцоотойг талууд онцлов.
Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих, дэд бүтцийг цогцоор нь барьж дуусгах зорилтыг дэвшүүлэн хамтын ажиллагааны бүсийн Монгол талын 300 га газрын дэд бүтцийг шийдэж, хамтын ажиллагааны бүсийг нээх суурь нөхцөлийг хангасан. Улмаар 2027 онд багтаан 900 га газрын дэд бүтцийг бүрэн шийдэх төлөвлөгөөтэй байгаа” гэдгийг хэлэв.
БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ян Жин Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэл тогтоосны 10 жилийн ойн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаа бүх салбарт идэвхжиж буйд баяртай байгаагаа илэрхийлж, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг нээхэд шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлж, хөрөнгө оруулалт татах чиглэлд хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.