Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал ирэх долоо хоногийн Пүрэв гарагт /11.07/ болно.Түүнд анхан шатны шүүхээс 5 зүйл заалтаар 4.9 жилийн хорих ял оноогоод байгаа юм. Анхан шатны шүүх хурал хаалттай өрнөсөн бөгөөд иргэд давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
ЖИГШИХ ЗҮЙЛ ХИЙСЭН БОЛ БИД ХАРААД ЖИГШЬЕ
“Сэтгүүлч Өнөрцэцэгийг ямар үндэслэлээр хорьсныгоо олон нийтэд ил хэлээч ээ. Ил тод шүүгээсэй гэж ард иргэд бид хүсэж байна. Өөрөө ч хорих ангиас сүүлд захидал бичсэн байсан. Ард түмний толь болоод дөрөвдөх засаглалын үүргээ биелүүлээд явж байсан хүнийг яагаад бидний өмнө шүүж өгч болохгүй гэж. Жигших зүйл хийсэн бол бид хараад жигшье“
ЯАЖ ИЙЖ БАЙГААД ТОРНЫ ЦААНА СУУЛГАХ ГЭЖ ӨӨ СЭВ ХАЙСАН
“Би бол улс төрийн явуулга гэж харж байгаа. Яаж ийж байгаад торны цаана суулгах гэж өө сэв хайсан гэж үзэж байна. Одоо шүүх хурлыг нь иргэд бид нээлттэй үзмээр байна. Сонсмоор байна. Яагаад энэ шүүх хурлыг хаалттай хийгээд байдаг юм. Энэ хүн чинь ямар онц, хэрцгий гэмт хэрэгтэн юм уу? Тийм хүмүүсийг ч олон улсад нээлттэй шүүдэг. Нээлттэй шүүгээсэй гэж хүсэж байна. Шүүх хуралд нь очиж суумаар байна”
АРД ИРГЭД БИД Ч НЭЭЛТТЭЙ ШҮҮЛГЭХ ТУЙЛЫН ХҮСЭЛТЭЙ БАЙНА
“Үнэнийг хэлсэн хүнийг ингэж л хэлмэгдүүлдэг шүү дээ. 1937 оны хэлмэгдүүлэлт гээд хэдэн ламаа буудаад алсан.Тэрэнтэй л адилхан зүйл болж байна гэж харж байгаа. Сэтгүүл зүйн салбарт ганц дуугарч зориг гаргаж байсан хүн Өнөрцэцэг шүү дээ. Салбарынхан нь ч нээлттэй шүүж өгөөч гээд дуу хоолойгоо нэгтгэж байна. Ард иргэд бид ч нээлттэй шүүлгэх туйлын хүсэлтэй байна“
АРДЧИЛСАН ТОГТОЛЦООНООСОО БИД АЛХАМ АЛХМААР УХАРСААР БАЙНА
“Улсын нууцад хамруулж байгаад бүгдийг нь луйвардах, дээрэмдэх түүнийг л ил болгосон хүнийг хэлмэгдүүлдэг ийм дарангуйллын үе ирж байна. Ардчилсан тогтолцооноосоо бид алхам алхмаар ухарсаар байна гэж харж байгаа. Заа байг төрийн нууц гээд байгаа тэр нэг зүйл заалтаа хаалттай шүү ядаж бусдыг нь нээлттэй шүүж болно шүү дээ.”
ХААЛТТАЙ ШҮҮНЭ ГЭДЭГ “НО”-ТОЙ
“Өнөрцэцэгийн шүүх хурлыг нээлттэй хийх хэрэгтэй.Тэр хүнд үнэхээр асуудал байгаа бол ил тод хийх хэрэгтэй хаалттай хийгээд байна гэдэг чинь “но“-той байна гэсэн үг. Цаанаа ямар нэгэн асуудал байгаа учраас төр барьж байгаа хулгайчид нөлөөлж байгаа. Төд удалгүй намайг ингэж хэллээ гээд бариад шоронд хийх хэмжээний дарангууллын нийгэм рүү шилжиж байна шүү дээ.”