Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Райан Уашбер болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр нь нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсээр ирсэн.
Өнгөрсөн онд манай улсад тохиолдсон зудын хүндрэлийг даван туулахад тусламж дэмжлэг үзүүлсэнд талархсанаа уламжлаад цаашид мал аж ахуйн салбар, бүсчилсэн хөгжлийн бодлого, Улсын онцгой комиссын асуудлаар хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь манай улсад жижиг дунд үйлдвэрлэл, эрчим хүчний салбарын шинэчлэл, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж байгаа.
Онцолбол мал, амьтны өвчнийг оношлох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, тэр дундаа мал, амьтны гаралтай өвчнийг эрт оношлох лабораториудыг чадавхжуулахад анхаарч ажиллаж байна. Мөн Улсын онцгой байдлын албан хаагчдыг чадавхжуулах төслийг гүйцэтгэж байгаа юм.
Тиймээс гамшгаас урьдчилан сэргийлэх, эрт зарлан мэдээлэх тогтолцоог сайжруулахад хамтарч ажиллахаар санал солилцов.
Гамшгийн эрсдэлийг бууруулахад онцгой байдал, холбогдох албан байгууллагаас гадна төр засаг, аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тодотголоо.
Уулзалтын үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Райан Уашберн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо хөдөлгөөн” төслийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Цаашлаад энэ өвлийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.