“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран хэрэгжүүлэх “Өмнөговь аймгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”, “Боловсрол Өмнөговь” хөтөлбөрийн нээлт Даланзадгад хотноо боллоо.
Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр нь 2024-2028 онд хэрэгжих бөгөөд Өмнөговь аймгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл дадал хэвшилтэй идэвхтэй амьдралын хэв маягтай иргэн төлөвшүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн хамгааллын үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох ажлуудыг хийх юм.
Харин “Боловсрол Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг чанаржуулж, зөв дадал төлөвшилтэй, бие даасан ирээдүйн иргэнийг бэлтгэх зорилготой юм.
Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулж 1 тэрбум төгрөг, боловсролын хөтөлбөрт 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас 2024 онд тус тус олгож байна.