“Оюу толгой” компани, Гүүд Нэйборс ОУТББ, Эрүүл Ирээдүйн Эзэд ТББ, Монголын Жюү Жицүгийн Холбоо мөн төслийг хэрэгжүүлэх Баянзүрх дүүргийн 68, 85, 87, Амгалан сургуулиудын удирдлагууд, сэтгэл зүйч нар “Оюу толгой” компанийн санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж буй өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих Gerelt / Гэрэлт төслийн тав дахь жилийн ажлаа 9 дүгээр сарын 27-ны өдөр эхлүүллээ.
Өнгөрсөн хугацаанд бид:
– Нийт 23,656 хүнд сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг хүргэлээ.
– 17 сургуульд жишиг өрөөг тохижуулж сэтгэл зүйчтэй болох үүд хаалгыг нээлээ.
– Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад 17 эрүүл мэндийн клуб байгуулж, 260 гаруй үе тэнгийн зөвлөх бэлтгэжээ.
Энэ жилийн хөтөлбөрийн онцлог нь өмнөх төсөл хэрэгжсэн сургуулиудын сэтгэл зүйчдийг чадавхжуулах, Баянзүрх дүүрэгт шинэ жюү жицүгийн клуб байгуулан Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй клубуудын тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах юм.
Бид төслийн хүрээнд өсвөр үеийнхэн болон тэдэнтэй өдөр тутамдаа харилцдаг багш ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчдад зориулан дараах үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг.
Үүнд:
*Сэтгэл зүйн үйлчилгээг үнэлэх суурь болон үр дүнгийн судалгаа
*Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөний тохижилтын ажил
*Өсвөр үеийнхэн, багш ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчдад зориулан сэтгэл зүйн боловсрол олгох сургалт
*Сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө
*Бүлгийн зөвлөгөө
*Сургуулийн сэтгэл зүйчдэд зориулсан чадваржуулах сургалт
*Мэргэжлийн дэмжлэг
*Нөлөөллийн ажил гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа байдаг.