Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод зохион байгуулагдаж байгаа Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудлаарх сайд нарын бага хурлын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дугуй ширээний уулзалтад оролцож, үндсэн 3 саналыг дэвшүүллээ.
Үүнээс бүс нутгийн улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх санал нь дэмжигдсэн юм.
Тодруулбал, бүс нутгийг хамарсан гамшигтай тэмцэх байгууллагуудын хамтарсан сургалт, ур чадварыг дээшлүүлэх сургалтын тогтолцоог бүрдүүлэх, Ази номхон далайн бүсийн улс орнуудын сургалт, дадлагажуулалтын байнгын тогтолцоог хамтран бүрдүүлэх нь гамшгийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн үед үр дүнтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд нэн чухал ач холбогдолтой байна.
Түүнчлэн Монгол Улс 2025 оны 3-р улиралд бүс нутгийн дэд бүсийн семинарыг зохион байгуулахаар болсон байна. Энэ хүрээнд эрсдэлийг бууруулах болон гамшгийг эрт сэрэмжлүүлэх системийн хүрээнд олсон амжилт, сургамж, сорилтуудыг хуваалцахаар зорьж байгаа аж.
Гамшгийн тоо, давтамж нэмэгдэж байгаа нь бүс нутгийн хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх шаардлагыг бий болгожээ.