Өчигдөр буюу Аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох хулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн.Үүнтэй холбоотойгоор иргэд, такси үйлчилгээ эрхлэгчдээс санал сэтгэгдлийг нь сонсон албаныхнаас хуулийн зохицуулалт хэрэгжилтийн талаар тодрууллаа.
ИРГЭД: ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖУУДЫГ ТОРГОНО ГЭЖ ДАЛАЙЛГАН ХААСААР БАЙХ УУ?
Иргэдээс зөвшөөрөлгүй такси эрхлэгчийг торгоно гэж хуульдаа заан хэрэгжүүлж эхэлж байна. Үүнийг хувьдаа юу гэж харж байна вэ гэж асуухад ихэнх нь ард иргэдээ бодоогүй шийдвэр гэж харж байгаагаа хэлсэн юм. Өнөөдөр бидний амьдралын түвшин ямар байгаа билээ. 5, 10 төгрөг хүртэл амьдралдаа нэмэрлээд таксинд явахад яагаад болохгүй гэж бүхий л орлогын боломжийг нь торгоно гэж далайлгаж хааж хавчаад байх юм уу. Амьдрахад улам л бэрх болж байна. Зөвшөөрөл авахын тулд 3-10 сая төгрөг тушаах боломжтой хүн энэ нийгэмд нь байхгүй байгааг ойлгодоггүй юм байхдаа дээр суусан хүмүүс гэх мэтээр тэдний шүүмжлэл хөвөрч байв.
БУУХ ЭЗЭН БУЦАХ ХАЯГГҮЙ УЧРААС ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТАКСИТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ИХ ГАРДАГ ШҮҮ ДЭЭ
Харин зөвшөөрөлтэй такси компанид ажилладаг болон аппликэйшнээр такси үйлчилгээ үзүүлдэг жолооч нараас тус хуулийн талаар асуухад доорх хариултыг өглөө.
Зөвшөөрөлтэй такси компанийн жолооч: Миний хувьд бол болж байна шүү дээ. Би чинь компанид мөнгө өгдөг. Өдөртөө доод тал нь 100 мянган төгрөг олж байж 50 мянгыг нь компанидаа, 50 мянгыг нь бензиндээ өгдөг.Тэрнээс илүү гарсан нь миний халаасанд ордог. Би хэр нь дээ зүтгээд л байгаа юм. Тэгээд ч их хэцүү. Хувийн таксинууд шүүрээд шүүрээд аваад явчихна. Гэхдээ нөгөө талдаа ард түмнээ бодох юм бол их хэцүү зүйл л дээ. Хэд гэлээ байз. Зөвшөөрөлгүй 200 мянган такси явдаг гэл үү. Тэр чинь бүгд хумигдах гээд л байна. Тэгэхээр иргэдийн амьдрал ахуйд нь их нөлөө үзүүлнэ шүү дээ.
Аппликэйшнээр дамжуулан такси үйлчилгээ эрхэлдэг жолооч: Зөв шүү дээ. Тэгэхгүй бол янз бүрийн асуудал их гарч байна. Цаана нь хариуцлага тооцох буух хаяггүй болчихоор, одоо гар өргөж байгаа хүмүүсийн аваад яваад байгаа жолооч нар ихэнх нь Ub cab-д бүртгэлтэй л байгаа. Дуудлага байвал аваад байхгүй бол гар өргөсөн ойрхон байгаа хүнээ аваад л явдаг. Одоо харин хууль хэрэгжчихээр гар өргөсөн хүнээ авахаа больчхоод байна. Энэ гэхдээ нэг сарын дараа цэгцрэх байх. Гар өргөж байгаа хүнийг авахгүй байх жолооч гэж бахгүй шүү дээ. Яаж ийгээд авах л байх чухам хэзээ нь баригдаад яаж торгох юм тэгээд нэг талдаа багтах байлгүй дээ.
Иргэд болон жолоочдын ярианаас хангалттай мэдээлэл авч чадаагүй байхад нь хууль хэрэгжээд эхэлсэнд итгэж ядан балмагдаж байгаа нь илхэн. Хуулиа хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө нарийн ширийн зүйлүүд, яагаад хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар учир шалтгааныг ойлгуулж тус хуулиа сурталчлан таниулж байж иргэдийн эсэргүүцлээс холуур өнгөрнө. Гэтэл энэ хуулийн талаар иргэд ямар ч ойлголтгүй. Зөвхөн 5 сая төгрөгөөр торгоно гэснийг л ам амандаа хэлж байв.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТАКСИ ЭРХЛЭГЧИД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ГОМДОЛ ГАРГАВАЛ ШАЛГААД ЖОЛООЧИЙГ ТОРГОНО
Нийтийн тээврийн бодлогын газраас уг хуулийн зохицуулалт хэрэгжилтийн талаар тодруулахад: Такси үйлчилгээ эрхлэгчид хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж тусгай зөвшөөрөл авна. Ингэснээр зөвхөн зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, байгууллага л такси үйлчилгээ эрхлэх боломжтой. Тиймээс аравдугаар сарын 15-наас эхлэн зөвшөөрөлгүй таксигаар үйлчлүүлээд энэ талаар хэн нэгэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тохиолдолд зөрчлийг хянан шалгаж эхэлнэ. Хэрэв жолооч зөвшөөрөлгүй байсан нь батлагдвал таван сая төгрөгөөр торгоно гэв.