Аав маань Солонгос улсад ажиллаж амьдраад 6 жил болж байна. Одоо 2 жилийн дараа ирнэ. Үлдсэн 2 жил надад тийм ч урт санагдахгүй байгаа гэж ярих хүүг Мөнххуягийн Ихэрт-Очирт гэдэг. Тэр одоо 10 настай 5-р ангийн сурагч. Гэсэн хэдий ч насандаа баймгүй ухаалаг бас дэндүү уяхан сэтгэлтэй нэгэн болох нь цөөн хэдэн минут хөөрөлдөхөд эрхгүй мэдрэгдэж байлаа.М.Ихэрт-Очирт хүү аавдаа сэтгэлийн угаас гарсан үгсээ дайн захидал бичиж түүнийгээ хоолой зангируулан уншсан бичлэг нь олон хүнд хүрч бусдад нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгасаар байгаа билээ. Энэ мэт олон олон захидлыг хүү аавдаа зориулан бичдэг бөгөөд аав нь ч мөн тэр л их урмаар тэжээгдэж өдийг хүртэл хүний нутагт шантралгүй ажилласаар байгаа аж. Хүү аавдаа бичсэн захидлаараа “Учралын баяр” төслийн захидлын уралдаанд шалгарч сарын өмнө аавтайгаа уулзаж цөөн хэдий ч жаргалтай өдрүүдийг өнгөрөөгөөд ирсэн гэнэ. Бидний эргэн тойронд аав ээжийгээ санан бэтгэрч уулзах өдрөө хоног тоолон хүлээж суугаа олон мянган багачуул бий. Санахын зовлон, уулзахын хүслэн гэдэг хүүхэд гэлтгүй томчуул бидэнд ч хүлцэн тэвчихэд бэрх зүйл шүү дээ. Энэ л зүйлийг ухаан оруутаа мэдэрсэн олон мянган багачуул юу бодож, юу хүсэж, юуг мөрөөддөг юм бол.Тэдний нэгэн төлөөлөл болох М.Ихэрт-Очирт хүүтэй цөөн хором хөөрөлдсөнөө уншигч та бүхэндээ хүргэж байна.
-Сайн уу. Манай сайтын үзэгч, уншигчдад өөрийгөө танилцуулаарай
Намайг Мөнххуягийн Ихэр-Очирт гэдэг. Би 45-р сургуулийн 5А ангид суралцдаг. Ээж болон 2 настай охин дүүтэйгээ хамт амьдардаг.
-Бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдаад олон хүн сэтгэгдлээ хуваалцаж байна. Чамд ямар мэдрэмж төрж байна вэ?
– Надад үнэхээр сайхан мэдрэмж төрж байгаа. Найзууд маань ч чи мундаг юм аа, тэвчээртэй юм аа гэж магтах болсон.
– Аав нь чамайг хэдэн настай байхад Солонгос улсыг зорьсон бэ?
– Намайг 4 настай байхад аав маань Солонгос явсан. Хөл хорионы үеэр аавтайгаа 2 жил гаран огт уулзаж чадаагүй бусад үед жилдээ 1,2 удаа уулздаг. Би үсэг үзээгүй байхдаа аавдаа зориулж үргэлж л зураг зурдаг байсан. Харин сургуульд ороод захидал бичдэг болсон. Төрсөн өдөр, бусад баяр ёслолын үеэр хол байгаа хэдий ч баярлуулж, үргэлж хамт шүү гэдэг мэдрэмжийг өгөхийг хичээдэг.
– Айлын том хүү, аавынхаа эзгүйд гэрийнхээ ганц эр хүн нь юм байна шүү дээ. Ямар үүрэг хариуцлага үүрч байна. Айлын том байх хэцүү юу?
-Аав байхгүй үед дүү маань хүнд өвдөх хатгаа тусах ч юм уу тэр үед их хэцүү байдаг. Ээж маань сандарч тэвдээд өөрөө ч хувцсаа сайн өмсөлгүй бид хоёрыг дагуулаад өвлийн хүйтэнд эмнэлэг явдаг. Бас ээжийгээ хүнд юм өргөх үед би дамжилддаг ч нэг их дэм болж чадахгүй байгаа юм шиг санагдах үед хурдан том болох юм сан гэж хүсдэг. Гэрт зөвхөн аавын хийж чадах зүйлс олон байдаг. Би тэр бүрд ээждээ туслаад хамт хийхийг хичээдэг ч сайн чаддаггүй
– Туслах гэж хичээж байгаа нь л өөрөө их дэм болдог шүү. Ээждээ чи хангалттай их тус болж байгаа байхаа. Чи өдрийг хэрхэн өнгөрөөж байна вэ?
Би даваа гарагт хятад хэлний сургалтдаа автобусанд суугаад явчихдаг. Лхагва гарагт бас хятад хэлтэй. Баасан гарагт драмын дугуйландаа явдаг. Аав маань миний боловсролын төлөө хүний нутагт ажиллаад намайг дугуйлангуудад явуулж байгаа учир би дугуйлан, хичээлдээ хамгийн сайн нь байх гэж хичээдэг.
-Яг чам шиг аав ээжээсээ хол амьдардаг олон мянган хүүхэд бий. Тэр хүүхдүүдэд зориулж хэлэх үг бий юу?
– Уйлмаар байгаа үедээ аав, ээжийгээ санах үедээ та нар аав ээждээ эсвэл хамт байгаа хүмүүстээ хэлчхэж байгаарай. Тэд чамайг тайвшруулах үг хэлнэ, эсвэл тэврээд ямар нэг байдлаар тайвшруулж чадна. Тиймээс мэдрэмжээ шууд илэрхийлж байгаарай. Дотроо хадгалаад л байвал бүр шанална, бүр л хэцүү санагдана шүү гэж хэлмээр байна.
Хэн хэн нь л чадлаараа хичээж байж энгийн сайхан, элэг бүтэн амьдралд хүрэх бололтой…
Ихэр-Очирт хүү асуулт бүрд хариулахдаа нэг л үгийг давтан давтан хэлж байсан нь хичээх гэдэг үг. Ярилцаж дууссаны дараа ч энэ л бодол толгойноос минь гарахгүй эргэлдэж байсан юм. Бид үр хүүхэдтэйгээ хамт энгийн сайхан амьдрахын тулд өөрийн нутагт ч хүний нутагт ч хичээж, тэвчиж зарим зүйлсээ зольж байгаа. Үүний нэгэн адил үр хүүхэд маань ч хайртай хүмүүсээ бодож тэднийхээ төлөө хичээсээр байдаг. Хэн хэн нь л чадлаараа хичээж байж энгийн сайхан, элэг бүтэн амьдралд хүрэх бололтой…
Хол зай хамаарахгүй Хайр дүүрэн байх боломж байдаг, Бидний гэр бүл хол зайг үл хамааран хайраар дүүрэн үр хүүхдээ өсгөж байгаа , Гол нь итгэл хүндлэл хайр юм шүү, Бүх гэр бүлд аз жаргалын хүсье Хайраар дүүүрэн байх болтугай.