Спортын төрөл бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Хүүхэд бүхэн тамирчин болох албагүй. Харин сонирхсон спортын аль нэг төрлөөрөө тууштай хичээллэх нь чухал. Энэ нь эрүүл, идэвхтэй амьдрахын гол үндэс суурь болж өгдөг. Цаашлаад спортоор хичээллэх нь хөдөлгөөний дутагдал, жин нэмэх, элдэв төрлийн өвчлөлөөс сэргийлэх гол чухал амин дэм юм.
Бид энэ удаад талбайн теннисний спортын онцлог, тухайн төрлөөр хичээллэж буй хүнд ямар эерэг үр дүнгээ өгдөг талаар точвхон мэдээлэл бэлтгэлээ. Үүнтэй холбогдуулан Монголын Талбайн теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батжаргалтай цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Талбайн теннисний спорт ямар онцлогтой вэ?
-Өдрийн мэнд хүргэе. Талбайн теннис нь өвөрмөц спорт. Хөлийн ажиллагаагаар тоглодог, тэр дундаа “хөлөөр тоглож, толгойгоор хожино” гэж зарим хүмүүс ярьдаг. Дэлхийн аварга алдарт шатарчин хэлж байсан нэг үг байдаг. Талбайн теннис бол “хөдөлгөөнт шатар” юм гэж тодорхойлсон байдаг.
Талбайн теннисээр Монголчууд хичээллэхэд хамгийн тохиромжтой спорт
-Нэг ёсондоо бэлтгэлийн ур чадвараа сорихоос гадна тархиа сайн ажиллуулах хэрэгтэй гэсэн үг үү?
-Талбайн теннис бол хүүхдүүдийн оюун ухааныг маш их хөгжүүлнэ. Дээрээс нь бүх талын булчингууд ажиллана. Мэргэжлийн тал дээр бол талбайн теннис элит спорт. Ялангуяа сүүлийн үед Ази тивийн охин олимпт аварга авлаа. Эмэгтэй тамирчид биеийн өндрийн хувьд доод тал нь 1.75-аас доош орж ирж байна. Талбай дээр урд хаях ч юмуу, тухайн тамирчны онцлогийг харуулсан хөдөлгөөнөөс авч үзэхэд энэ бол хүнээс авхаалж самбааг өндөр түвшинд шаардсан, их гоё цэвэрхэн спорт. Сүүлийн үед Ази тивийн тамирчид тоглолтын арга барил, өсөн нэмэгдэж буй ур чадвараар энэ спортод илүү орж ирж байна. Азийн залуучууд, охид хөвгүүд их амжилттай тоглож байна. Талбайн теннисний төрөл нь Монгол хүнд маш тохирсон спорт.
Талбайн теннис бол “хөдөлгөөнт шатар” юм
-Ази тивдээ аль улсын тамирчдын ур чадвар, тоглолтын түвшин ахиж байна вэ?
-Урд хөршийн тамирчид ур чадвар нь өсөн нэмэгдэж буйг саяхан Бээжин хотод нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарсан Буянцогтын амжилт харуулж байна. Мөн Япон, Солонгосын тамирчид талбайн теннист өндөр амжилт үзүүлж яваа. Тэр дундаа талбайн теннисний Олимпын аварга цолыг Хятад охин хүртлээ. Олимпын аварга авдаг хятад охинтой өнгөрсөн Ханжоугийн Азийн наадамд манай улсын тамирчин Ч.Маралгоо тоглолтын хоёрдугаар раундад 10 мянган Хятадын өмнө тоглохдоо өгөө аваатай сайн тоглосон. Мөн Хятадын холбоо манай теннисний холбоог албан ёсоор уриад уулзаад танай улсад ирээдүйтэй, сайн тамирчин болох нөөц бололцоо байна. Танай хүүхдүүдтэй манай холбоо хамтран ажилламаар байна. Манай улсын сургуульд үнэ төлбөргүй суралцаарай гэсэн хүсэлтийг тавьж байгаа.
-Талбайн теннисний спортоор хичээллэхэд нурууны өндрийн хэмжээ, эсвэл хүч бяр нөлөөлдөг үү?
-Талбайн теннисийг өндөр, нам эсвэл техниктэй ч юмуу, хүчтэй байснаараа тоглодоггүй. Тэр дундаа өөртөө итгэлгүй юмуу, нэг бол хэт хөөрүү, сагсуу зан чанартай бол талбайн теннисийг тоглож чаддаггүй юм. Тодруулж хэлбэл энэ спортыг зүрх болон тархиараа тоглодог гэдгийг хэлмээр байна. Их өвөрмөц сонирхолтой спорт.
-Монголын талбайн теннисний холбоо ямар зорилго төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
-Манай холбооны бүтэц бүрэлдэхүүн саяхан шинэчлэгдсэн. Энэ удаад алс ирээдүйг харсан төлөвлөгөөтэй ажиллаж, тэр дундаа талбайн теннисээр хичээллэх нөхцөл боломжыг хангах зорилгоор битүү ордонтой болох мөн гадна талбайн хэд хэдэн кортыг байгуулах зорилго тавьж байна. Бид тамирчдынхаа амжилт, ур чадварыг ахиулахын тулд материаллаг баазаар хангах, дотооддоо тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулах, гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлэх зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлэх зорилттой байгаа.
Ярилцсанд баярлалаа.
насаараа холбоо нэрийдлээр идэж ууж одоо үр хүүхэддээ өвлүүлэх юм яриад явж байгаа хүндээ.