Улаанбаатар хот сэхээнд ороод удаж байна. Униар татсан уулсынхаа дунд цайвалзан харагддаг асан хотын минь нүүр царай нүүгэлтсэн их утаа тортогт өнгө алдаад, үе үе сэвэлзэх салхинаар үмхий үнэр ханхийж хамар сэтэлчих гээд хэцүүхэн болоод олон жилийг ардаа орхижээ.
Хавартаа шороо тоосонд даруулж, зундаа үерт автаж, намартаа ухсан нүх, овоолсон шороонд гундаад, өвөлдөө угаарт цохиулан манарч амь тавихын наагуур арай ядан уухичин аврал эрэн орь дуу тавих шиг…
Хатан Туулаа онгичиж, сэрүүн Сэлбээ сэндийчин, дуунд мөнхөрсөн Дунд голоо ч самрав. Улаанбаатарын иргэд уур уцаартай, ундуй сундуй дунд бүдчин, утаагаар амьсгалж, хогон дунд сэлүүрдэж, түгжрэлдээ нам гацаж, үнийн өсөлтөд мөлхөх шахам маргаашаа бодох сэхэлгүй өнөөдрөө аргацаан там цаашаа амьдарцгааж байна. Яагаад бид ийм болчхов? Яавал энэ байдлаас гарах вэ?
Нам гүмхэн болж өнгөрдөг НИТХ-ын сонгууль энэ удаад урьд өмнөхөөс илүүтэй сүр дуулиантай болж байх шиг. Ялангуяа улс төрийн шинэхэн хүчин болох “Үндэсний эвсэл”-ийн “Хотоо аваръя” уриа олны анхаарлыг татаж нээрээ л бид чинь хотоо аврахгүй бол амаа барих цаг ойрхон ирчхээд отож байгааг санууллаа. Сэхэл авахгүй болохоос нь өмнө сэхээнээс гаргах арга чарга сүвэгчлэхгүй бол хэтэрхий оройтно гэдгийг хэн хүнгүй ухаарч байх шиг.
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулж, эрх баригч МАН, сөрөг хүчин гэгдэх АН, ХҮН өвөр түрийндээ орж, ард түмний итгэлийг хөсөрдүүлсэн энэ цаг үед УИХ-ын сонгуульд “Иргэн баян бол улс баян” бодлоготойгоор оролцож 360 мянган хүний санал авснаар УИХ-д төлөөлөлтэй болсон улс төрийн шинэ хүчирхэг сөрөг хүчин “Үндэсний эвсэл” л улныхнаараа дуудуулдаг ард түмний итгэл найдвар болоод байна.
Тиймээс “Үндэсний эвсэл” энэ удаагийн НИТХ-д “Иргэн баян бол хот баян” бодлогын хүрээнд “Эв ухаанаар засаглая”, “Чаддагаар нь хийлгэе”, “Хотлоороо баяжъя”, “Нийслэлээ ногооруулъя” багц мөрийн хөтөлбөртэйгөөр оролцож, ХОТОО АВАРЪЯ хэмээн итгэлтэйгээр тунхаглаж байгаа нь цөхрөнгөө барж, итгэл алдарсан нийслэлчүүдэд урам хайрлаж, зоригтой өөрчлөлтийг эхлүүлэх сэдэл болж байна гэхэд буруудахгүй болов уу.
“Үндэсний эвсэл” НИТХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгааны нээлтээ Улаанчулуутын хогийн цэг дээрээс эхлүүлсэн нь ямар нэгэн попрол огтхон ч биш харин хогийг хог гэж хардаг сэтгэхүйгээсээ салж хогийг баялаг болгон хувиргаж ХОТОО БОХИРДОЛТООС АВАРЪЯ хэмээн хэлж байгаа нь шинэлэг бөгөөд шийдэл юм. Улаанбаатар хотод жилд 1.4-1.5 сая тонн хог хаягдал гардаг. Энэ нь жил бүр 300 мянган тонноор нэмэгддэг гэсэн судалгаа бий. Харин үүний дөнгөж 4-хөн хувийг л дахин боловсруулж баялаг болгож байгаа нь дэндүү чамлалттай юм. Үнэндээ бид хогийн саванд амьдармааргүй байна шүү дээ.
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сурталчилгааныхаа нээлтийн үеэр Улаанчулуутын хогийн цэг дээр нэр дэвшигчдийн хамт зогсож байгаад “… Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнгээс үл хамааран хогийн менежментийн асуудлыг онцгойлон анхаарна гэж маш хариуцлагатайгаар, амбицтайгаар, ажил хэрэгч байдлаар тунхаглан хэлье…” хэмээн мэдэгдсэн нь нийслэлчүүдийн ёстой л загатнасан газар нь маажих шиг болов.
Түүнчлэн нийслэлийн удирдлагын багийн данхар бүтцийг халж, дэлхийн хөгжингүй хотуудын удирдлага, төлөвлөлтийн туршлагыг нийслэл хотод нутагшуулж, хотыг судалгаа, төлөвлөгөөнд тулгуурлан цомхон, чадварлаг, мэргэшсэн багаар удирдах шийдлийг “Үндэсний эвсэл”-ээс нийслэлчүүддээ санал болгож хүчээр бус “Эв ухаанаар засаглая”, олон жилийн бугшсан буруу тогтолцоог өөрчилье хэмээн уриалж байна. Мөн ардчиллын үндэс болсон иргэдийн засаглах эрхийг орчин үеийн технологийн шийдлээр иргэдийн гарт атгуулж, намчирхлаас салгахаа амлаж байна.
Улаанбаатарынхныг “улныхан” хэмээн хочлогдох хүртэл нь доош нь оруулж байгаа нэг гачлан бол “үнийн өсөлт” гарцаагүй мөн. Өдрөөс өдөрт төгрөгийн ханш унаж, улныхны амьдрал цаг, минутаар улам доошилж ширхэг талхаа таллаж, ургамлын тосоо граммаар авч, өрийн дэвтэрт алдар нэрээ “мөнхлөх” дээрээ тулсан нь өнөөх л эрх мэдэлтнүүдийн харалган бодлогын үйл лайгаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар өсөж байгаатай шууд холбоотой. Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос хийсэн тооцооллоор иргэдийн орлого нэмэгдэхгүй үед амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч, 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэл үүсдэг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн ЖДҮ, аж ахуйн нэгж байгууллагууд татварын дарамтаас үүдэлтэйгээр мянга мянгаараа хаалгаа барьж байгаа нь ажилгүйдлийг дэврээж, ядууралд хүргэх гол хүчин зүйл болж байна. Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг цалингийн орлоготой иргэн бүр ХАОАТ-20 % хүртэл, НДШ-26 %, НӨАТ-10 %-ийн шимтгэл төлдөг. Эрх баригчид 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдийн нийслэлийн татварын борлуулалтын үнийн дүнгийн 2 % хүртэл нэмэгдүүлсэн. 2023 оны байдлаар 254,876 аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс татварын өрийн дарамтыг дийлэлгүй 8000 аж ахуйн нэгж дампуурлаа зарлан хаалгаа барьжээ. Үүний хэрээр ажилгүйдэл, ядуурал газар авч өнөөх “улныхны” эгнээ өргөжин тэлсээр л…
Тун удахгүй эрх баригчид орон нутгийн сонгуулийн дараа буюу 11 дүгээр сарын 1-ээс хэрэглээний цахилгааны үнийг 30 %, дулааны үнийг 50 % нэмэх нь тодорхой болсон. Эрчим хүчний үнийг ийнхүү нэмснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдэж, энэ үнийн хөөсрөлт өнөөх л “улныхан” хэмээгдэгчдийн нуруун дээр ирнэ.
Тэгвэл “Үндэсний эвсэл” энэ бүхнийг цэгцэлж ядарч туйлдсан нийслэлчүүдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлөх арга замыг “Иргэн баян бол хот баян” мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Өнөөдөр төр оролцсон бүхэн дампуурч байгаа нь нууц биш. Ялангуяа бизнесээс төрийн гар хөлийг татах хэрэгтэй. Аливаа тендерийг эрх мэдэлтэй нь биш чаддаг нь авч хийдэг зарчмыг баримтлан төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хотоо хөгжүүлэх боломж байгааг тэд олж харж, бодит шийдлүүдийг санал болгож байгаа юм. Тухайлбал, мөрийн хөтөлбөрийн “Хотлоороо баяжъя” бүлэгт “Бизнесээ дэмждэг хот” заалтыг тусгаж өгсөн нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд итгэл найдварыг төрүүлээд байна. “Үндэсний эвсэл” нийслэлчүүдийн итгэлийг хүлээж олонх болбол бизнеc эpxлэгчдийг төpийн даpамтааc cалгаx, бизнеcээ чөлөөтэй эpxлэx заpчмыг баpимтлан, бүx иpгэд оpлоготой, ажил xөдөлмөp эpxэлдэг байx бодлогыг xэpэгжүүлэн ажиллахаа илэрхийлж “ХОТОО ҮНИЙН ӨСӨЛТӨӨС АВАРЪЯ”, амьдралаа хамтдаа аваръя хэмээн Нийслэлчүүддээ хандаж байна.
Нийслэлчүүдийн бас нэг толгойны өвчин бол түгжрэл. Бид авто замын түгжрэлд амьдралынхаа алтан хором бүрээс өдөрт 3,5-4 цаг, жилд 48 өдрийг зарцуулж байна гээд Та бодоод үзээрэй. Энэ алдагдсан хугацааны нийт өртөг 3.7 их наяд төгрөг гэвэл та гайхах хэрэггүй. Эрх баригчид түгжрэлийг бууруулахад 2021 оноос өнөөг хүртэл нийт 1,4 их наяд төгрөг зарцуулж, тэр бүү хэл Түгжрэлийн сайдтай болж байсан ч гацаанаас гарсангүй, харин ч бүр таг зогсов. Нийслэлчүүд бид урагшгүй албатуудын судалгаагүй шийдэл, бүтэлгүй үйлдлүүд, нийгмийн үйлчилгээний хүртээмж муу байгаагаас ийм их цаг хугацаа, асар их боломж, эдийн засгийг түгжрэл хэмээх мангаст залгиулж байна гэж бодоход даанч хайран. Энэ бол хэмжиж баршгүй хохирол. МАН 34 жилийн 30 жилд нь нийслэлийг удирдахдаа ийм л стандарт бус хотыг бүтээжээ. Тиймээс “Үндэсний эвсэл” “ХОТОО ЦАГ АЛДАЛТААС АВАРЪЯ” хэмээн чангаар хэлж байна. Та ч гэсэн үүнийг хүсэхгүй гэж үү?!
Үе үеийн хотын удирдлагуудад эрх мэдэл, хөрөнгө мөнгө дутаагүй. Харин ч төсвийн мөнгийг хэрхэн үрэн таран хийж гараа угаадгийн сонгодог жишээнээс ганцыг сануулахад л хангалттай. Алдарт “цавчаа ногоон”-ы хэрэг гэхэд л нийслэлд 134,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байх юм. Энэ хэргийг УИХ дээр нээлттэй сонсголоор хэлэлцсэн хэдий ч хуулийн дагуу шийтгэл авсан албан тушаалтан одоо хэр нь алга. Тогтсон жишгээр дуулиант луйвруудад гэм буруутан олдоггүй нь гэм биш зан болсон хойно яалтай билээ гээд харсаар суух нь өрөвдөлтэй. Шахмал түлш үйлдвэрлэхэд зарцуулсан 1.1 их наяд бол Монгол Улсын жилийн төсвийн таван хувьтай тэнцэх мөнгө. Энэ мөнгөөр 2 цахилгаан станц, 3 цэвэрлэх байгууламж, 500 км инженерийн шугам сүлжээ барих боломжтой, гарах эдийн засгийн үр дүн, үр нөлөөлөл нь ч өндөр байв. Цааш нь үргэлжлээд гурван тэрбумын усан оргилуур, их наядын дүүжин тээвэр гээд хотын мөнгө цоорхой шуудайд хийсэн мэт гоожсоор… Энэ мэт хувийн эрх ашгаа нэгт тавьсан сэтэртнүүдийн “Метро”, “Тэнгэрийн тойрог”, “Хөнгөн галт тэрэг” гэх сайхан үлгэрт хууртагдсаар ирсэн Нийслэлчүүд “Аз жаргалтай Улаанбаатар”-ын аз жаргалгүй иргэд болжээ.
Тэгвэл “Үндэсний эвсэл” энэ бүхэнд цэг тавих сөрөг хүчин болж, төсөвт хяналт тавьж ярьдгаар нь биш чаддагаар нь хийлгэж, төрд шургалсан ХУЛГАЙЧДААС ХОТОО АВАРЪЯ хэмээн зоригтойгоор хэлж байна. Тиймдээ ч “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “…Зангиа зүүсэн зохион байгуулалттай хулгайчидтай нэгийгээ үзнэ…” хэмээн шулуухан хэлчихлээ.
Утаа, бохирдол, үнийн өсөлт, түгжрэл… угтаа бол эрх баригчдын халаасыг түнтийлгэдэг мөнгөний эх үүсвэр нь. Тэдэнд ийм байх нь ашигтай. Тийм байтал “улныхнаараа” дуудуулаад улайж суудгаа хэзээ болих вэ, бид?! Монгол улс хорт хавдрын нас баралтаар дэлхийд 1-т, Улаанбаатарчуудын таван хүн тутмын нэг нь уушгины өвчнөөр өвчилж байгаа нь бидний хот гамшгийн бүс болсны тод нотолгоо биш гэж үү. Үүнээс хойш тэсч тэвчих боломжтой юу?! Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэсэн айхтар үг бий. Өөрчлөлтийг хүсдэг ч өөрчлөх аргаа нэг л мэдэхгүй мунгинаж суух зуур Улаанбаатар минь сэхээ авалгүй байсаар сэхээний орон дээр амь тавьж мэдэх нь…!
Тэгвэл “Үндэсний эвсэл” энэ бүхэнд зоригтой өөрчлөлт хийж Хотоо хулгайгаас, бохирдолтоос, үнийн өсөлтөөс, цаг алдалтаас аваръя хэмээн бодит шийдлийг санал болгож байна. Сэхээнд тарчлаад удаж буй Улаанбаатар хот сэхэх үү, эс сэхэх үү? Улаанбаатарчууд сэрэх үү, эс сэрэх үү? Сонгогч Таны тархи оюун, зүрх сэтгэл мэднэ.