НИТХ-ын сонгуулийн 8-р тойрогт нэр дэвшигч, инженер Г.Батсайхан Хан-Уул дүүргийн 23-р хорооны иргэд сонгогчидтой уулзаж, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, орон сууцжуулахтай холбоотой томоохон бодлогыг танилцуулж, санаа бодлоо хуваалцлаа.
Ялангуяа, иргэд гэр хорооллыг орон сууцжуулж агаарын бохирдлоос салгахад Х.Нямбаатарын баг хэрхэн төлөвлөсөн, үүнд хот төлөвлөгч инженер хүний хувьд Г.Батсайханы үүрэг оролцоог тодруулсан. Өнгөрсөн онд УИХ-аар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагджээ.
Энэ хүрээнд нийслэлээс Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 160 га талбайд оршин сууж байгаа гэр хорооллын өрхүүдтэй хэлцэлд орж, газар чөлөөлөлтийг эхэлсэн байна. Энэ онд багтаж 2200 айлын газрыг бүрэн чөлөөлж дуусах төлөвтэй байгаа аж. Улмаар чөлөөлсөн 160 га-д ирэх дөрвөн жилд 20 мянган айлын орон сууц барьж, тухайн бүсийн иргэдээс гадна бусад дүүргээс газраа чөлөөлсөн айлуудыг оруулна. Ингэснээр гэр хороололд дахиж 1600 газар чөлөөлөгдөх юм байна.
Үүн дээр төрөөс инженерийн шугам сүлжээ татаж, дэд бүтцийг шийдсэнээр хувийн хэвшил дахин 100 мянган айлын орон сууц барих боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, харилцан уялдаатай энэ мэт арга механизмаар гэр хорооллын иргэд хашаагаа байраар солих ажил хурдтай өрнөх тухай хэллээ.