Цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, суррон зэрэгтэй явган хүний замаар хурдтай зорчих нь иргэдийн санааг зовоосон асуудлын нэг болоод байгаа бол дээрх унаатай хүмүүс машин замаар ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүй зорчих нь өөрийгөө хүндээр гэмтээх эрсдэлд оруулж байна.
Энэ төрлийн хэрэгслүүдэд зохицуулалт шаардлагатай
Энэ төрлийн хэрэгслүүд авто замын болон явган хүний замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар тодорхой зохицуулалт, журам байхгүйгээс олон эрсдэл үүсэж байна гэж үзэх иргэд цөөнгүй байна.
“Нийслэлийн нутаг дэвсгэрт цахилгаан скүүтер, мопед ашиглах журам”-ын төсөлд өнгөрсөн хавраас эхлэн иргэдээс санал авч эхэлсэн. Уг журамд Сурроны хурд 80км/цаг хүрдэг тул мотоциклын ангилалд оруулж жолооны үнэмлэх шаардах ёстой гэжээ. Түүнээс гадна цахилгаан скүүтерийн дээд хурд 20км/цаг хүрдэг. Скүүтер жолоодож замын хаагуур зорчих, яаж явах зохицуулалт байдаггүй. Журмын төсөлд скүүтертэй хүн замын баруун талаар зорчих, явган хүний замаар зорчихдоо дээд хурдыг 10км/цагаас хэтрүүлэхгүй байх, гэрэл ойлгогчийг байрлуулах зэрэг заалтыг оруулж өгчээ.
Олон нийтээр хэлэлцүүлж буй уг журам ямар шатандаа яваа талаар хууль зүйн яамнаас тодруулахад: Уг журамтай холбоотойгоор хууль зүйн яам болон зам тээврийн яамны 2 сайдын тушаалаар ажлын хэсэг гарч ажилласан. Санал дүгнэлтээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлийн байгууллагуудад танилцуулаад засгийн газарт өргөн барихаар ажиллаж байна. Энэ төрлийн тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахад зохицуулалт хийх шаардлагатай учир ажлын хэсэг маань санал дүгнэлтээ холбогдох байгууллагуудад танилцуулах шатандаа явж байна. Эдгээр тээврийн хэрэгслийг зохицуулах асуудал нь нийслэлд л тулгамдаад байгаа асуудал юм. Бусад аймаг хотуудад харьцангуй бага хэрэглэгдэж байна. Хуулийнхаа хүрээнд нийслэл доторх харилцааг нийслэлийн засаг даргын захирамжаар зохицуулах боломжтой.
Ирэх оны 4 сараас Суррон-д улсын дугаар олгож, жолоодогчоос үнэмлэх шаардана
Тээврийн цагдаагийн албанаас цахилгаан скүүтер, цахилгаан дугуй, Суррон зэрэгт ямар зохицуулалт хийж талаар тодруулахад: Авто тээврийн үндэсний төвөөс Суррон гэдэг тээврийн хэрэгслийг мотоциклийн төрөлдөө оруулж өгч байгаа. Энэ 7 хоног дуусаад хүйтэрч байгаа учир цахилгаан скүүтер, цахилгаан дугуй,суррон, мотоцикл зэргийн хөдөлгөөнийг хязгаарлана. Хавар 4 сараас эхлээд эргээд замын хөдөлгөөнд орж эхлэх учир тэр үед нь сурроныг хил гаалиар орж ирэх үед улсын дугаар олгоно. Мөн жолооны үнэмлэх шаардана. Харин цахилгаан скүүтер, цахилгаан дугуй зэргийг жолоодоход 16 нас хүрсэн байх гэдэг шаардлагыг л тавих юм.