Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хот, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан зөвлөхөөр Г.Ууганбаярыг томиллоо.
Г.Ууганбаяр нь СХД-ийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаас төрийн албаны гараагаа эхлүүлж, улмаар Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтсийн даргын албыг хашиж байсан энэ салбартаа туршлагатай нэгэн юм.
Харин Х.Нямбаатарын хувьд нийслэлийн Засаг даргаар томилогдоод яг нэг жил болж байна.
Нэг жилийн хугацаанд нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, хотод нүүрлэсэн авлига хулгайг цэгцэлж, зам талбайн засварыг эрчимжүүлсэн нь түүний хийсэн бодит ажил.
Тиймээс эхлүүлсэн ажлаа дуусгаж, амласан бодлогоо биелүүлэхийн тулд тэрбээр нийслэл, дүүргийн сонгуульд өөрийн багаа удирдан өрсөлдөж буй.
Х.Нямбаатарын багт мэдлэг боловсролтой олон залуус өрсөлдөж байна. Тэр тусмаа хотын асуудлаар мэргэшсэн нэр дэвшигчдийн нэг бол Гантөмөрийн Ууганбаяр.
Тэрбээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2-р тойрог, Баянзүрх дүүргийн баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж байгаа юм.
Хотын зовлон жаргалыг “а, б”-гүй мэддэг нэр дэвшигчдийн нэг Г.Ууганбаярын нэр дэвших болсон гол амбиц гэвэл “хаягдсан” дүүргээ өөрчилж, хотоо хот шиг, дүүргээ дүүрэг шиг хөгжүүлэх хүсэл мөрөөдөл нь.
Аливаа улсын нийслэл хот ерөнхий төлөвлөлтийнхөө дагуу хөгждөг. Харамсалтай нь, өнгөрсөн 30 жилд Улаанбаатарт нэгдсэн төлөвлөлт, стандарт, дүрэм журам гэж бараг байсангүй.
Хэн дуртай нь дуртай газраа хашаа хатгаж, байшин барьснаас болоод Улаанбаатар хот өнгөрсөн 30 жил хот шиг хот болон хөгжиж чадсангүй. Улаанбаатарын түгжрэл, утаа угаар, үер усны бэрхшээл, зовлон улам томорсоор байна.
Улаанбаатар 9 дүүрэгтэй. Тэр дундаа хүн амын тоогоороо Баянзүрх нэгд бичигддэг. Хүн амын тоо нь өсөхийн хэрээр тус дүүрэгт нэн яаралтай шийдвэрлэх асуудал нэмэгдэх болсон байна.
Иймээс энэ удаагийн нийслэл, дүүргийн сонгуульд МАН туршлагатай, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүдээ Баянзүрх дүүрэгт “сойж” байгаа юм.
Улс төрийн намуудын өрсөлдөгчдийг харахад МАН-ын нэр дэвшигчид хотын дүрэм, соёл, стандарт, бодлого ярьж байна. Харин АН-ынхан утасны цаанаас лайв хийж иргэдийн анхаарлыг татахаас өөрөөр дорвитойхон шийдэл ярьж байгаа юм алга.
Иймээс иргэд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэгтэй танилцаж, судлах ёстой.
Учир нь, нийслэл, дүүргийн сонгуульд “лайвддаг” биш ажилладаг, хэрэлддэг биш хийдэг хүмүүсийг сонгож байж хотын өнгө төрх өөрчлөгдөнө, иргэдийн амьдрах орчин сайжирна.