“Таксины жолоочид шийтгэл биш шийдэл хэрэгтэй” сэдвээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч А.Бархүү, Ө.Эрдэнэболд, Д.Баттүвшин нар хэвлэлд хандлаа.
Учир нь, Зөрчлийн тухай хуулиар энэ сарын 15-наас зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэгчдийг 5 сая төгрөгөөр торгоно. Шинээр батлагдсан түгжрэл бууруулах гэх нэртэй хуулиар такси үйлчилгээ эрхлэгчид 3 сая төгрөгөөр зөвшөөрлөө авах, аваагүй бол 5 сая төгрөгөөр торгуулахаар хуульчилсан.
Нийслэлд өнөөдөр такси үйлчилгээнд явдаг 50 мянга орчим хүн бий гэсэн тооцоо бий. Тэд өдрийн хоол, гэр бүлийнхээ хэрэгцээг такси үйлчилгээ эрхэлж олсон мөнгөөр залгуулдаг. Гэтэл сарын 300 мянга орчим төгрөгийн хураамж төлөх эсвэл 5 сая төгрөгөөр торгуулах хууль 10 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжих юм. Харамсалтай нь, энэ бол иргэнд үнэхээр том торгууль болж байна.
Баянзүрх дүүргийн нэр дэвшигч Ө.Эрдэнэболд “Хувиараа такси эрхэлж байгаа хүн гэдэг задарсан нэгэн биш. Машиныхаа тос маслыг солих гэж чардайдаг хүмүүст 5 сая төгрөг гэдэг үнэхээр хүндрэлтэй. Тэднийг төр торгож, хураамж шаардах нь шийдэл биш шийтгэл болж байна. Наад зах нь, хороо бүрт хоршоолол байгуулаад бүртгэчихэж болно” гэв.
Сонгинохайрхан дүүргийн дэвшигч Д.Баттүвшин “Манай Сонгинохайрхан дүүргийн хүн амын 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Тэд 1000-ын унаа гэдэг таксигаар гэртээ харьдаг. Учир нь автобус унаа явдаггүй газарт амьдарч байна. Манай төр засгийнхан үнэхээр ямар ч тооцоо судалгаагүй шийдвэр гаргадгийн нэг нь энэ. Мянгын унаанд суудаг иргэд маань яах вэ. Хураамж төлсөн такси үйлчилгээ эрхлэгчид 3 саяын хураамж төлсөн гээд мөнгөө нэмэх үү. Үнэхээр ямар ч ойлгомжгүй байна” хэмээн ярьсан юм.
Баянгол дүүрэгт нэр дэвшигч А.Бархүү “Дэлхийн бүхий л том хотод такси тээврийн үйлчилгээ байдаг. Магадгүй Бээжин гэх зэрэг хотод нийтийн тээврийн 50 хувь нь такси үйлчилгээ эрхлэгчдийн нуруун дээр байдаг. Гэтэл такси тээврийн үйлчилгээний энэ салбар Монгол Улсад 30 жил хөгжих гээд чадсангүй. Учир нь, төр засаг ямар ч бодлого гаргаж анхаарал хандуулж чадсангүй. Гэтэл өндөр торгуулийн аргаар энэ асуудлыг шийднэ гэсэн шийдвэр гаргаж байна. Муу, сайн нэртэй ч хувиараа такси үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс энэ салбарыг нуруун дээрээ өнөөдрийг хүртэл үүрч явна. Тэдний үйл ажиллагааг шууд таслан зогсоох юм бол UBCAP мэтийн аж ахуйн нэгж ачааллыг яагаад ч даахгүй. Удахгүй өвөл боллоо. Автобусны хүртээмж ямар байгаа билээ. Иргэд хэрхэн явж, хүүхдээ яаж зөөх вэ. Төр торгож, ард түмнээ дарамтлахаас илүүтэйгээр бодлогоор энэ салбарт анхаарал хандуулах цаг нь болсон” гэлээ.