Хөрөг нэвтрүүлгийн ээлжит дугаарт Хүүхэд хөгжлийн судалгааны багийн ахлагч Б.Саруул оролцлоо. Эдийн засагч, санхүүч мэргэжлийг эзэмшсэн тэр 2010 оноос улс төрийн тогоонд орж, олон нийтийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж иржээ. 31-хэн насандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан тэр төрийн албанд төр түмнийхээ төлөө зүтгэсэн 14 жилийн хугацаандаа иргэдийн төлөөлөгч, сайдын зөвлөх, гишүүний зөвлөх гээд олон арван хариуцлагатай албыг ч хашсан туршлагатай. Харин одоо тэр монголын ирээдүй болсон хүүхдүүдийн замыг гэрэлтүүлэх их ажилд ханцуй шамлан оржээ.Тэрээр монголдоо 20-30 жил судалгаа хийсэн эрдэмтдээс илүү гадаад мэргэжил дээшлүүлсэн нөхдийг илүү үнэлдэг нийгмийн хандлагыг таашаадаггүй талаараа бидэнтэй хуваалцсан юм.
СУРАХ ТУСАМ ДУТУУ ДУЛИМАГ БАЙГААГАА МЭДЭРДЭГ
Тэрээр ярихдаа, “Би багаасаа хичээлдээ сайн ч спортдоо маруухан хүүхэд байсан. Ер нь 4,5 дугаар ангиасаа эхлээд компьютер л их сонирхдог байлаа. 8-р ангиасаа фантомын дэргэдэх томоохон интернет кафед ажиллаж эхэлсэн.Тэр үед интернэтэд хайлт хийх, хүнтэй онлайнаар харилцах тохиолдолд интернэт кафегаар үйлчлүүлэх зайлшгүй шаардлага үүсдэг байсан юм. Интернэт кафед ажиллаж байх үеэс мэдээллийн технологи, IT салбарыг их сонирхох болсон. Энэ чиглэлийн мэргэжилтэй хүн болно гэж боддог байсан ч харамсалтай энэ чиглэлээр суралцаагүй. Хууль, санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаад шал өөр мэргэжилтэй хүн болсон. Одоо ч сурсаар л байна. Улаанбаатар их сургуулийг анх нягтлан бодох бүртгэлээр суралцаж төгссөн. Дараа нь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан. Түүний дараа Батлан хамгаалахын их сургуульд сургалт хүмүүжлийн ажилтнаар тусгай мэргэжил хамгаалж дэслэгч цолтой төгссөн. Одоо МУИС-ийн Бизнесийн удирдлагын сургуульд санхүүгийн магистраар суралцаж байна. Мөн ХБНГУ-ын барилга хот байгуулалтын нийгэмлэгт ногоон хот төлөвлөгчөөр мэргэжил дээшлүүлсэн.
ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСНЭЭР ХҮН ХАРИУЦЛАГАД СУРАЛЦДАГ
2008 онд их сургуулиа төгсөөд анх Талх чихэр компанид маркетингийн ажилтнаар орсон. Энэ компанидаа маркетингийн албаны дарга хүртэл богино хугацаанд дэвшиж өндөр хариуцлагатай ажил хийж эхэлсэн. Би тэр үед өөрийгөө сайн ажилласан гэж огт боддоггүй. Маш муу ажилласан. Одоо бодоход хариуцаж байсан ажлуудаа олигтой хийж чадаагүй байх.Дөнгөж 23-тай туршлага нимгэн залуугийн хувьд энэ том үйлдвэрийн маркетингийг хариуцна гэдэг угаас боломжгүй зүйл. 30 гаруй жилийн түүхтэй энэ том компанид залуу хүн ороод өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдож байгаа нь удирдлагуудын том итгэл байсан байх. Одоо бол аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байгаа. Аялал жуулчлалын Монголын хамгийн том төслийг удирдаж байна. Энэ нь Монголын хамгийн анхны 21 аймагт сүлжээ зочид буудал барих зорилготой аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх төсөл юм. Уг төслийн судалгааг хийгээд бүтээн байгуулалтыг нь өрнүүлээд явж байна.
ГАДААД ХЭЛБЭР БИШ ДОТООД АГУУЛГА ЧУХАЛ
Монголдоо 10, 20,30 жил судалгаа хийсэн хүмүүсээс гадаадад 1-2 жил мэргэжил дээшлүүлээд ирсэн хүнийг илүүд үздэг хандлага Монголд тогтчихсон байх шиг байна. Олон жил Монголдоо судалгаа шинжилгээ хийгээд огт үнэлэгдээгүй эрдэмтэн мэргэд олон бий. Тэдгээр хүмүүсийг төр засаг зайлшгүй бодлогоор дэмжиж үнэлдэг байх шаардлагатай. Саяхан багш нарын асуудал олон нийтийг талцууллаа. Багш нар бол Монголын ирээдүйг бэлдэж байгаа хамгийн чухал хүмүүс учраас тэдний цалин хамгийн өндөр байх ёстой гэж би хувьдаа бат итгэдэг.
АЛИВААГ ОЛОН ӨНЦГӨӨС ХАРДАГ ХЭРСҮҮ ШИНЭ ҮЕ ТӨЛӨВШИЖ БАЙНА
Судалгааны чиглэлээр мэргэшнэ нарийн дэлгэрүүлж судална гэдэг маш том, урт хугацааны үйл явц. Одоогийн залуучууд аливаа зүйлийг маш сайн судалдаг, олон талаас нь хардаг ийм нэгэн хэрсүү шинэ үе болж төлөвшиж байна. Энэ чадвараа хөдөлмөрч, тууштай байдалтай хослуулах юм бол хийж бүтээж чадахгүй зүйл үгүй л болов уу. Шинэ үеийнхэндээ их найдлага тавьдаг тэдний л өөрчилж чадах зүйл гэж бий.
ХҮҮХДЭД ХАМГИЙН ИХ ДУТАГДАЖ БАЙГАА ЗҮЙЛ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ОРЧИН
2017-2021 он хүртэл Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан. Тэр үед Ерөнхийлөгчид хандаж маш их захидлууд ирдэг байв. Нэг жил 5000 орчим захиа зөвхөн хүүхдүүдээс ирсэн. Тэрийг уншаад хүүхдүүд юу хүсэж мөрөөдөж, тэдэнд ямар бэрхшээлүүд тулгарч байгаа юм бэ гэдгийг судлаад үзэхэд хүүхдүүд дийлэнхдээ сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх орчин нөхцөлийг хүсдэг юм билээ. Тэр үед цаашдаа энэ чиглэлээр бодитой ажлуудыг зайлшгүй хийх шаардлагатай гэдгийг ойлгосон. Одоо НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа шалтгаан маань ч үүнтэй холбоотой.