Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Дорноговь аймгийн ИТХ–ын 11–р тойрогт нэр дэвшигч Амгалангийн Энхзаяатай ярилцлаа.
-Хүний их эмч, их сургуулийн тэнхимийн эрхлэгч бүсгүй ИТХ-ын дарга болсон түүх юун түрүүнд сонирхол татаж байна?
– Багаасаа л эмч болохыг зорьж мөрөөдсөөр тэр зорилгодоо ч хүрч, сургуулиа төгсөөд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр хоёр жил, дараа нь Дорноговынхоо Анагаахын сургуульд 2020 он хүртэл багшаар ажиллаж байгаад гэнэтийн шийдвэрийг гаргаж, улс төрийн алба хаагч болсон намтартай. Уг нь ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллахын зэрэгц
ээгээр багшийн ажлаа үргэлжлүүлнэ гэж тооцоолж байсан ч 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар хурлын даргаар томилогдсон нь гэнэтийн зүйл болсон юм. Сумын ИТХ-ын сонгуульд тухайн үед нэр дэвшихдээ эрүүл мэнд, боловсролын салбарын хүний хувьд төр иргэний гүүр, дуу хоолой болон ажиллахад яагаад болохгүй гэж, яагаад чадахгүй гэж гэдэг бодлоор саналыг зориглон хүлээн авч хатуу шийдвэр гаргахдаа “Иргэдийн сайн төлөөлөл байя” гэж л бодсоноос биш дарга болно гэж бодоогүй. Олонхийн саналаар Сайншанд сумын ИТХ-ын даргаар сонгогдохдоо багшийн ажлаа хүлээлгэн өгөх шийдвэрийг хамтад нь гаргахаас аргагүй болсон. Хамтран зүтгэгч нөхөд, хань ижил маань миний шийдвэр, нөхцөл байдлыг ойлгон дэмжиж, өнгөрч буй дөрвөн жилд сэтгэл зүтгэлээ ажилдаа зориулахад найдвартай түшиг тулгуур болж ирсэнд баярладаг. Нэг мэдэхэд дөрвөн жил өнгөрчээ.
-Шийдвэрүүд гэнэтийн байсны нэг адил улс төрийн сонгуульт ажил гэнэтийн сорилтуудтай хамт ирсэн болов уу?
-Төрийн үйлчилгээний нэг хэсэг болох эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллаж байгаад төрийн захиргааны байгууллагад шууд удирдах албан тушаалд томилогдоход эхний хэдэн сард мэдэхгүй, чадахгүй зарим нэг асуудлыг шийдвэрлэхэд эргэлзээ, бэрхшээл тулгарч байсныг нуугаад яахав. Өнөөдрийн хувьд өөрийгөө маш сайн дайчилж, суралцаж, төрийн албанд өөрийнхөө хэмжээнд туршлага хуримтлуулан чадавхжсан гэж өөртөө бодож байгаа. Энэ ажилтай хамт улс төрийн албан тушаалыг дагадаг сорилт, бэрхшээлүүд ч давхар ирсэн. ИТХ-ын даргаар сонгогдоход бүх хүн таатай сайхан хүлээж авсан гэж хэлбэл худлаа болно. Гэхдээ тэр тусам би маш их хурцлагдаж байсан. Би юу чадахаа харуулах ёстой. Хүмүүст хүлээн зөвшөөрөгдтөлөө ажиллах ёстой гэж хичээсэн. Эцсийн дүндээ иргэд маань л үүнд дүн тавина.
Хэдий үеэс юун дээр олон нийтийн төлөөх энэ ажлыг хийж чадахаар юм байна, чадаж байна гэдэг мэдрэмж өөртөө авсан бэ?
-Миний хувьд ИТХ-ын дарга болохдоо хатуу бодсон, тэр хирээр чанд баримталсан гол зарчим гэвэл бүхнийг ил тод, бүгдэд нээлттэй гэдэг зарчим. Эхний хоёр жилд цар тахал, хөл хорионы нөхцөл байдалтай нүүр тулсан. Гурав дахь жилээс Иргэдийн төлөөлөгчдийн өдөрлөг, Багийн иргэдийн нийтийн хурал гээд иргэдтэйгээ аль болох ойр ажиллах арга хэлбэрүүдээр дамжуулан тэдний санал хүсэлтийг сонсож, тэр хэрээр өөрсдийнх нь оролцоотой, хүсэл зорилгынх нь дагуу асуудлыг шийдвэрлээд эхлэх үед тэдний хандлагаас үнэхээр иргэдэд тааламжтай байгаа юм байна гэдгийг анзаарч ойлгож эхэлсэн. Иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг ойлгоод шийдвэрлээд ирэхээр өөртөө маш их урам, илүү ихийг хийж бүтээх сэдэл авч, асуудлыг шийдэхийн хэрээр өөрийнхөө ажлаас үр шимийг мэдэрч эхэлсэн. Иргэдтэйгээ хамтран ажилласан минь мэдлэг туршлага, эрч хүчийг өгч ажлынхаа үр дүнг улам их харахыг хүссэн бодол, зүтгэл маань энэ сонголтыг хийлгүүлсэн дээ. Ер нь түмэн дундаа оногдсон ажлаа 2-гүй сэтгэлээр хийж, зөв сайхан харилцаа хандлагатай, өөрийгөө дайчлаад гүйж явахад төрийн минь сүлд, түмний минь буян залуу хүнийг цааш нисэх даль жигүүр ургуулж өгдөг юм байна гэж боддог.
Зөвхөн ИТХ-ын дарга хийгээд хурал удирдахаар ажил маань хязгаарлагдаагүй. Үндсэн үйл ажиллагаанаас гадна албан тушаалын дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэсгийн дарга, улаан загалмайн хорооны дарга гээд маш олон ажлыг хавсарч хийдэг албан тушаал юм.
Төрийн албан хаагч, хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах ёстой юм байна гэж үзсэн. Иргэдийн хуралд янз бүрийн мэргэжлийн хүмүүс сонгогдон орж ирдэг учраас хурлаар хэлэлцэгдэх бүх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө холбогдох мэргэжлийн хүмүүсийг урьж авчирч, сургалт хийх замаар мэдээлэл солилцож хэлэлцүүлэг өрнүүлдэг болсон нь үр дүнгээ өгсөн. Тэгэхээр төлөөлөгчдийн маань гаргаж буй санал, дэвшүүлж буй гаргалгаанууд маш бодитой, үндэслэлтэй болж байгааг анзаарсан. Мөн иргэд рүүгээ хандсан үйл ажиллагаагаа оновчтой болгохын тулд сар, улирал бүр цагдаагийн газраас гэмт хэргийн мэдээллийг авч танилцдаг болсон. Яагаад ямар шалтгаантай, юунаас үүдэлтэй гэмт хэрэг яагаад гараад байна вэ гэдгийг хэдэн жилийн статистик мэдээллийг харьцуулан дүн шинжилгээ, анализ хийх замаар судалж, иргэд рүүгээ соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах нь хамгийн зүйтэй юм байна гэж үзэхэд хүрсэн. Энэ дөрвөн жилийн хугацаанд иргэд, өрх гэр рүү хандсан олон талт нөлөөллийн ажлыг маш их хийсэн байна. Улаанбаатар хотоос сургагч багш нар, сэтгэлзүйчдийг авчирч, гэр бүл, нийгэмд чиглэсэн сургалтуудыг төрийн албан хаагч, эмэгтэйчүүд,эрэгтэйчүүд, өсвөр нас гэх мэт бүлэг бүлгээр нь зохион байгуулсан.
-Үр нөлөөг нь хэмжих оролдлого хийв үү?
-Үр дүн урт хугацаанд гарах ажлууд учраас арай болоогүй. Иргэдийн сэтгэгдлээр бол маш их мэдээлэл авлаа, сайхан сургалт байлаа гэх зэргээр хэлдэг. Соён гэгээрүүлэх нөлөөллийн ажил, хэрэгцээ шаардлагатай байдгийг мэдсэн.
-Дүн шинжилгээнээс харвал гэмт хэрэг гарч буй голлох шалтгаан, нөхцөл юу вэ?
-Сайншанд сумын хэмжээнд сар сараар, тэрчлэн аль баг дээр хэдэн цагийн үед гэмт хэрэг илүү гарч байна вэ, ямар шалтгаантай байна вэ гээд аваад үзэхээр ерөөсөө эх үндэс нь архидан согтуурах байдаг. Тийм учраас архидан согтуурах шалтгаантай ажиллах чиглэлээр АА нийгэмлэг зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг. Мөн 2022 онд гадуур архи уудаг хүмүүсийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд оруулж, Сумын Засаг даргын Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран албадан эмчилгээнд хамруулж, архинаас гаргах ажлыг зохион байгуулсан. Өнөөдөр 3-4 хүн архины хамаарлаас гарч, амьдрал нь дээшилж амжилттай явж байна.
-Архидан согтуурах нь нийгэм, эдийн засгийн шалтгаантай үзэгдэл гэж үзэх нь бий. Тухайлбал, ажилгүй байх, орлого хүрэлцэхгүй байх гэх мэт нийгмийн зүгээс тулгарч буй стрессийн шалтгаантай гэж үзвэл энэ талаар ямар арга хэмжээ авч болох вэ?
-Архидан согтуурахын шалтгаан нь ажилгүйдэл гэж би хэлэхгүй. Ажлын байр маш элбэг байдаг. Зарим залуус ажил хийдэггүй, хийх бодолгүй байна. Нийгмийг хараад байхад маш их бэлэнчлэх сэтгэлгээ суучихсан, халамжид дулдуйдах хандлага газар авсан байна. Дийлэнх масс нь тийм байна. Төр засаг, аймаг сумын бодлого “Халамжаас хөдөлмөр рүү” буюу халамжийг танах чиглэлийг баримталж байгаа. Манай хөдөлмөр халамжийн хэлтэс ажлын нээлттэй зар, иргэдийг ажил, орлоготой болгох ажлуудыг маш сайн явуулж байна. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хувь хүнийг хөгжүүлэх орчин дутагдаад байна уу гэхээр бас үгүй. Зөндөө бий. Цаашлаад аваад үзэхээр гэр бүлийн асуудал гээд олон зүйл архидалтад нөлөөлж байгаа харагддаг.
-“Халамжаас хөдөлмөр рүү” гэдэг бодлогыг хэрэгжүүлэхдээ халамжийг танах асуудлыг та хөндлөө. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд зөөлөн арга механизм бас шаардлагатай байх. Учир нь халамжийг шууд танах хэцүү, ажил хий гэж албадах хэцүү. Та эмэгтэй хүний хувьд, эмч хүний хувьд шилжилт хийх арга замыг яаж харж байна вэ. Халамжаас хөдөлмөрт бодлогын хэрэгжилт хөрсөн дээр яаж бууж байна вэ?
-Нийгэм, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх замаар аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчдыг дэмжих замаар ажиллах нь зүйтэй гэж боддог. Аж ахуйн нэгжийн ашиг орлого дээр ажлын байр тэлдэг. Тэдний ашиг орлого эргэлт дээр төвлөрдөг. Саяхан дайраад өнгөрсөн цар тахлын үе аж ахуйн нэгжүүдэд маш хүнд тусаж, олноороо үүд хаалгаа барьж, банкны зээлээ төлж чадахгүйд хүрч байсан бол өнөөдөр эдийн засаг сэргэж, хил боомт нээлттэй, 24 цагаар ажиллахын хэрээр бизнесийн эргэлт хурдасч байна. Мөн аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудыг дагаад ажлын байр нэмэгдэж байна. Аймаг эдийн засгаа тэлэх, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байгаа нь иргэдийн ажлын байр, хөдөлмөр эрхлэлт, орлогыг баталгаажуулах үр нөлөөтэй. Тэр хэрээр дахиж халамж руу гулсахгүй байх хөрс суурь бүрдэнэ. Хил нээгдсэнээс хойш эдийн засаг илт сэргэж буйг хилээр орж ирж буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний бүтэц, нэр төрөл, эргэлт үнэхээр сайжирсан байгаагаас харж байна.
-Эмэгтэй хүний хувьд энэ ажлыг хийхэд давуу болон сул тал аль аль нь байсан байх?
– Эмэгтэй хүн их торгон мэдрэмжтэй, бүх ажилдаа детальчилж ордог, аливаа асуудлыг илүү нарийн гярхай,мэдэрч хардаг гэж би боддог. Улс төрийн салбарт зүтгэж буй эмэгтэй хүн манлайлагч байхын тулд жирийн эмэгтэй хүнээс 2 дахин, эрэгтэйчүүдээс тав дахин илүү ажиллаж байж зорьсондоо хүрдэг практик бий.Улс төрийг сонгосон эмэгтэй хүнд ухрах зам үгүй бөгөөд өөрийнхөө хийж буй ажлын нөлөөгөөр сонгогч түмэндээ хэрэгтэй хүн гэдгээ харуулах ёстой. Энэ л зарчмын дагуу биедээ баймгүй зориг гаргаж урагш тэмүүлсэн дээ. Та сонссон бол манай аймгийн шийдвэр гаргах түвшинд маш олон сайхан эмэгтэйчүүд ажилладаг. Манай аймгийн удирдлагууд энэ талд маш мэдрэмжтэй шийдвэр гаргасан гэж боддог. Үлгэр дуурайл авахаар сайхан эмэгтэйчүүд ажилладагт би бахархдаг. Цаашид ч удирдах манлайлахад хүйс хамаагүй гэдгийг улам олон эмэгтэйчүүд харуулаасай гэж хүсч байна.Дорноговь аймаг эмэгтэйчүүдийн манлайллыг дэмждэг.
Эмэгтэй хүн болгон айл гэрийн эзэгтэй байдаг. Айл гэрийн бүхий л ажлуудыг эмэгтэй хүн зохицуулж явдаг. Үр хүүхэд, гэр орон, ахуй нөхцөл гээд л…Би нөхөр, дөрвөн хүүхэдтэй. Том охин маань оюутан болж байна. Бага нь таван настай. Энэ ажилд ирээд би гэрт үзэгдэхээ больсон. Анхнаасаа л хань ижил маань дэмжсэн учраас ар гэрийн ажлыг дааж зохицуулж, ар талд найдвартай тусалж явна.
Анх намайг энэ ажлыг хүлээн авч байхад хүмүүс “Өө хурлын дарга гэдэг хамгийн амар ажил. Хурал удирдаад л бусад үед сайхан чөлөөтэй” гэж ярьдаг байсан. Үнэнийг хэлэхэд би бол маш завгүй ажилласан. Хурлын дарга шиг амархан ажили байхгүй гэдэгт би няцаалт өгдөг. Хийе гэвэл маш их ажилтай, зүгээр чиг үүргийнхээ хүрээнд ажиллая гэвэл ажил их ээ.
-Дараагийн хүнд маш өндөр жишиг тогтоож дээ?
-Дорноговь аймгийн 14 сумын ИТХ-ын дарга нар дунд хоёр л эмэгтэй дарга байдаг. Би сумдын ИТХ-ын дарга нарын ажлын үзүүлэлтээр 2022 онд 3 дугаар байранд, 2023 онд дөрөвдүгээр байранд орсон. Өөрийнхөө хувьд хувийн бүх бололцоогоо дайчилж ажилласан.
-Суманд ИТХ-ын даргад хамаарахгүй шийдвэр гэж байхгүй биз?
-Энэ дөрвөн жилд ажиллахад надад иргэдтэй уулзах өдөр гэж байгаагүй. Бүх цаг үед бүх өдөрт нээлттэй байж санал хүсэлтийг нь сонсож уламжилж, цаг алдалгүй шийдвэрлэж ирсэн. Батлагдсан төсвийн хүрээнд гурав, дөрвөн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Манай дээр иргэдийн цаасаар, цахимаар, биеэр ирж уламжилж байгаа хүсэлтийн 60 хувь нь газартай холбоотой өргөдөл байдаг. Газар авья, шийдээд өгөөч гэдэг. Үйлдвэр үйлчилгээ, өрхийн янз бүрийн зориулалттай газар хүсдэг. Иргэдийн Төлөөлөгчдийнн Хурлын дарга бүхнийг шийддэг юм шиг иргэдийн нэг ташаа ойлголт байдаг. ИТХ бол хамтын шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргадаг төлөөллийн байгууллага юм.
-Иргэд газар хүсэж буй нь эдийн засгийн харилцаа идэвхтэй байгаагийн бас нэг илрэл юм болов уу. Хүмүүс газраа тэлж ажил үйлчилгээ эрхлэх гээд байгаатай холбоотой байж болох юм. Газар олголт дээр нийтлэг хандлагыг харж нийтийг хамарсан шийдвэр гаргаж болох уу?
-Мэдээж өмчлөлийн газар хүсч байгаа иргэдийн газрыг олголгүй л яахав. Хүмүүс олгогдсон газраасаа хэтрүүлээд барилгаа барьчихдаг. Энэ асуудал дээр өгөөмөр хандаж чаддаггүй. Нэгэнт барьчихсан юмыг яавал гэж гээд зөвшөөрөлгүй ашигласан газраа нэр дээрээ баталгаажуулахыг хүсэж орж ирдэг. Миний хувьд бол яг л болохгүй гэдэг зарчмыг барьж ажилласан. Одоо л засахгүй бол хэзээ ч засагдахгүй. Тэгж явсаар нэг мэдэхэд засаж залруулшгүй замбараагүй байдалд хүрэх нь нийтийн эрх ашигт халтай. Сайншандын хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэхийн тулд л тэр шаардлагыг тавьж буй юм. Тэгж байж л хөгжил зөв явна. Хаа хамаагүй газар олгочихоод дахиж цэгцлэх нь илүү зардалтай. Тийм учраас төлөвлөгөөнд тусгагдаагүй бол өөр зүйл битгий хуралд оруулж ир гэдэг шаардлага тавьдаг.
– Улс төрийн тогтвортой байдал өнгөрсөн дөрвөн жилд ажил урагшлуулахад таатай нөхцөл болсон байх. Орон нутгийн сонгуулиар Сайншанд сумын ИТХ-ын сонгуульд МАН 100 хувь ялахад нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ?
-Өмнөх жилүүдэд Ардчилсан нам засаглаж байсан. Аймаг орон нутгийн хувьд хөгжил дэвшил байгаагүй. Хүмүүсийн өөр намыг гаргая, өөр хүмүүсийг харья гэсэн хандлага 2020 оны сонгуульд нөлөөлсөн байх. Гэхдээ сөрөг хүчнээс төлөөлөл байх нь ардчиллын зарчим. Гадна үлдсэн дуу хоолой бухимдал, тэмцлээр солигдох гээд байдаг талтайг бас ажигласан.
-Ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ажлаа хэрхэн харж байна вэ?
-Эрүүл мэндийн салбарт дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн зорилт, зорилгыг хэрэгжүүлнэ. Өнөөдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт дурангийн бүх хагалгааг хийж байна. Өвдөгний үе солих, гэмтлийн, хэвлийн болон цээжний хөндийн, тархины нарийн мэс заслуудыг хийж байна. Бөөрний дутагдлын үеийн диализ эмчилгээ, хавдрын химийн эмчилгээ зэргийг аймагтаа хийж байна гээд ололтууд их бий. Аймгийн эмч мэргэжилтнүүд маш чадваржиж, нарийн мэргэшлээр хөгжиж байгаа ч оношилгоо, шинжилгээний тоног төхөөрөмжийг нэмж суурилуулах хэрэгцээ шаардлага байсаар байна.
Улсын гуравдугаар зэрэглэлийн эмнэлгийн түвшинд хүргэх зорилго тавьж байна. Иргэд аймгаасаа бүх тусламж, үйлчилгээ, эмчилгээг авдаг байх нь эдийн засгийн хувьд болон олон талаар тааламжтай нөхцөлийг бүрдүүлнэ.
– Аймгийн нэгдсэн эмнэлэг Сайншандын Анагаахын их сургуультай нягт холбоотой ажилладаг байх. Энэ хослолыг эрдэм шинжилгээний чиглэлд ч юм уу, илүү үр ашигтай өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой юу?
–Мэдээж боломжтой байлгүй яахав.Эрдэм шинжилгээ судалгааны ажил, анагаах ухаан 2 салшгүй холбоотой шүү дээ. УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Дэлгэрсайхан Дорноговийн Анаагаахын сургуульд “Оюутан түшиц” эмнэлгийг барьж өгсөн. Их сургуулиудын дэргэдэх бааз эмнэлэг байдлаар ажиллаж байгаа ч өшөө илүү тоног төхөөрөмжөөр ханган ажиллах хэрэгцээ шаардлага байгаа. Нэгдүгээр давхар гэхэд тэр чигтээ манай нэгдсэн эмнэлэгт насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан ч чадвартай ахмад эмч нарыг төрөлжүүлээд үүдэн эмнэлэг нээгээд Дотор, мэдрэл, хүүхэд гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Зүүн болон говийн бүсийн эмч мэргэжилтэн бэлтгэдэг Дорноговийн Анагаахын сургууль маань шинэ байртай болох гээд тендер нь зарлагдаад явж байна. 2025-2026 онд ашилалтанд орно.
Санаа зовоож буй асуудал гэвэл жил тутам оюутны тоо багасч байна. Багш нарын бас нөөц багасч байна. Цалин өндөр өөр ажилд орох хандлага байна.Төсөв мөнгөтэй холбоотой асуудлаас эхлээд тулгамдаж буй асуудлууд бий. Аймгийн зүгээс аль ч салбарт хүний нөөц татах, орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлж байгаа нь бас үр дүнд хүрч байна. Цаашид ч үе шаттай нилээд ажлуудыг төлөвлөж байна.
–Танд аймгаасаа явах, хотод ажиллах бодол орж ирэх үе байсан уу. Тийм бол ямар шалтгаантай вэ. Бас өнөөдрийг хүртэл энд уяж бэхэлсэн зүйл юу вэ?
-Дорноговьд амьдрахад сайхан шүү дээ. Ах, эгч нар маань хот руу оюутан болж яваад тэндээ суурьшин амьдарцгаасан. Надад харин тийм бодол байгаагүй. Эндээ л сурна гэж зорьсон. Дараа нь эндээ ажиллаж амьдарна гэдэг бодол хувирч байгаагүй. Түгжрэл байхгүй, стресс багатай, өртөг зардал бага. Хөдөө орон нутагт амьдрахын давуу талууд их байдаг. Манай аймаг сүүлийн 7-8 жил их хурдацтай хөгжиж, хаанаас ч хэн ч ирсэн нүүр улайхааргүй болсон.
Хүүхдийн боловсролын асуудал хот руу шилжих нэг шалтгаан болдог гэж боддог. Хотын өндөр төлбөртэй сургуулийнхтай харьцуулахад орон нутагт сургалт ижил түвшинд байх боломжгүй. Тийм болохоор хөдөө орон нутагт зохих хэмжээний төлбөртэй хувийн хэвшлийн сургуулиуд байх нь зүйтэй гэж боддог.
-Эмчээс багш, багшаас ИТХ-ын дарга болсон бүсгүй цаашаа хаа хүртэл явах бол?
– Хийж бүтээх, сурч суралцахад хязгаар үгүй гэж боддог доо. Аав минь МУ-н хүний гавьяат эмч. Бас миний багш. Миний анхны бие даасан мэс засалд багшийн хувьд хажууд хамт байсан. Дараа нь аавтайгаа хамт анагаах ухааны сурах бичиг бичиж байлаа. Энэ жил Сайншанд сумын ИТХ-ын түүхийг эмхэтгэн бичиж ном болгосон. Өнөөдөр ч аав минь зааж зөвлөж хамт байна. Насаараа ном уншиж, үргэлж суралцсан аав минь өдгөө 85 нас хүрч байна. Аавынхаа дурсамж номыг бичиж байгаа.
Ээж минь монгол хэл уран зохиолын багш, тэр үеийн МАХН-ын үүрийн дарга, Ардын Их хурлын депутат гээд олон талд үлгэр дууриалтай ажиллаж амьдарч, 2017 онд бурхан болсон. Хэрэв ээж минь байсан бол, намайг ИТХ-ын дарга болохыг үзсэн бол гэх бодол хааяа төрдөг. Амьдралд хийж бүтээх зүйл дэндүү их. Тэр бүхэн хаа хүртэл замчлахыг мэдэхгүй ч маш урт зам өмнө минь байгааг ухамсарладаг даа.