Нийтийн албан тушаал хашина гэж угтаа их өөр зүйл. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд орон нутгийн өөрөө удирдах байгууллагад дандаа л нам дагагч, цүнх баригчид ордог, тэндээс улс төрийн карьераа эхлүүлдэг гэх ойлголт бий болчихжээ. Тийм дүр зураг үнэхээр харагддагийг ч шударга хэлэх нь зүй.
Харин залуу үе л тогтсон жишгийг өөрчилдөг. Тэд шат шатны гүйцэтгэх байгууллагад ажиллахдаа төдийлөн танигддаггүй, тэр бүр олон нийтэд ойлгогдож амждаггүй тал бий.
Тэр утгаар Нийслэлийн удирдах албаны “тогоо”-нд даруухнаар бөгөөд үр бүтээл дүүрэн “чанагдсан” Ганбаатарын Ууганбаяртай ярилцлаа. Тэрбээр Улаанбаатар хотын ЗАА-ны Тохижилт, Ногоон байгууламж, Хог хаягдлын удирдлагын хэлтсийн даргаар 2016-2019 он хүртэл ажилласан юм. Тэр хүсвэл ажил хийж болдгийг үзүүлжээ.
Г.Ууганбаяр энэ удаагийн НИТХ-ын сонгуулийн 2-р тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшиж байгаа юм.
-Та Улаанбаатар хотод хэдэн настайдаа орж ирсэн хүн бэ?
-Би 1997 онд найман настайдаа ирж, нэгдүгээр ангид орж байсан.
-Математикийн суурьтай юм байна. Нэг хэсэг байгалийн шинжлэх ухааны үнэ цэнийг тоохоо больчихлоо. Суурь боловсролын ийм мэдлэг дутуу хүмүүс нийтийн албанд гэхгүй хаана ч ялгарч харагддаг болоод байна. Ер нь математик хүнд юу өгдөг юм бол. Би бол “Хүн бүр математикч болох албатай” гэж боддог?
-Хүнийг их тэвчээртэй болгодог шүү дээ. Их цаг хугацаа зарцуулж байж математикийн хүнд бодлогуудыг боддог. Мөн олон янзын аргаар үзнэ. Тийм учраас асуудалд олон гаргалгаатай хандах суурьтай болгосон гэж боддог. Элдэв асуудал учрахад тоо бодохтой адил түргэн хугацаанд шийдлийг олж сурсан. Би өгүүлбэртэй бодлогод их сайн байсан. Эрх зүйч мэргэжлээр суралцахад ч өгүүлбэртэй бодлогоос ялгаагүй санагдсан. Тийм ч учраас гурван хүүхдээ математик суурьтай болгох гэж хичээдэг. Миний төгссөн 50-р сургууль бол хэл болон урлагийн гүнзгийрүүлсэн сургалттай. 1, 11-р сургуулийн сурагчид математикийн олимпиадад илүү амжилттай оролцож таардаг. Би багштайгаа нийлж аваад л тэдэнтэй өрсөлддөг байлаа.
-Хамгийн дуртай хичээл нь байв уу?
-Математикт толгой өвддөггүй л сурагч байсан. 45 минутын шалгалтад хоёр вариантын хоёуланг нь бодчихдог байсан.
-Тэгээд эрх зүйч мэргэжлээр суралцсан нь?
-Давхар нийгмийн идэвхтэй байлаа л даа. Сургуулийнхаа сурагчдын зөвлөлийн дарга байлаа. Эдийн засаг, хууль бол нэг зоосны хоёр тал. Элсэлтийн шалгалтын дараа МУИС-ийн Хууль зүйн сургуульд 19-д жагссан. Эдийн засгийн сургуульд нь мөн тэнцсэн байсан. Авга ахтайгаа зөвлөлдөхөд сайн эрх зүйч болж, хажуугаар нь эдийн засгийн мэдлэгээ сайжруулбал түн зүгээр гэж хэлсэн. Авга ах маань Монголын аудитын салбарыг үүсгэн байгуулсан гэхэд болох хүн л дээ. Түүний зөвлөгөөг их тусган авч, эрх зүйчийн ангид элсэн суралцсан.
-Байгалийн ухаанаар дагнаж байгаад нийгмийн салбарт мэргэжлээ сонгочихно гэдэг бусад руу чиглэсэн сэтгэлтэй, ирээдүйг бас нэг сайн сайхнаар төсөөлөхийг хүсдэг хүүхдүүдийн зан чанар юм шиг ажиглагддаг. Та нийт дунд ямар нөлөөтэй хүүхэд байв?
-Ангидаа хамгийн нөлөөтэй нь байсан байх. Элдэв арга хэмжээг би зохион байгуулна, миний үгээр явна. Одоо ч 10 жилийн зарим найзтайгаа Баянзүрх дүүргийн түвшинд хамтран ажиллаж байна. Ер нь манлайлагч нь байсан (Инээв).
-МАН-ын гишүүнчлэл авах хүртэлх намтар их сонин байна. Тэр чинь хэдэн он билээ?
-Би 18 нас хүрээд л элсчихсэн.
-Тийм эрт үү?
-Тийм. Би гадаа тоглож байгаад л “Цагийн хүрд” гарах цаг болохоор гэртээ яваад орчихдог хүүхэд байсан. Хувь хүн маань улс төр, нийгмийн чиглэлд их сонирхолтой байж л дээ. Найзууд маань одоо “Чи 20.00 цаг болонгуут л мэдээ үзнэ гээд гэртээ орчихдог байж билээ” гэж дурсдаг.
-Нэгдүгээр курс үү?
-Нэгдүгээр курсийн оюутан байхдаа.
-Энэ бол улс төр, нийгмийн оролцоог их эрт сонирхсон байна гэсэн үг шүү дээ. Хэн нөлөөлөх вэ?
-Голчлон өөрөө. Аав маань Завхан аймагтаа нийтийн алба хашиж ирсэн хүн л дээ. Малын их эмч мэргэжилтэй. Нам төрийн идэвхтэй, олон удаа аймгийн ИТХ-д дэвшиж ажилласан. Ааваас их үлгэр дуурайл авсан байх гэж бодож явдаг юм.
-МАН гэхээр хуучин ойлголтоор хандаад байдаг тал бий. Улс орны хөгжлийн гол гацаа юм шиг, коммунист үзэл баримтлалтай юм шиг. Нам дотор үнэндээ үе солигдож, нам өөрөө шинэчлэгдэж байна гэдэг харагдаж байгаа. Та тэр солигдож байгаа шинэ үеийнх нь төлөөлөл байна?
-103 жилийн түүхтэй намд сайн ч, саар ч байх нь ойлгомжтой. Түүхийн эгзэгтэй, хүнд үед МАН-д итгэл сэтгэлээ өгсөн олон олон залуусын хүчинд бий болсон гэрэл гэгээтэй зүйл олон бий. Би өөртэй чинь санал нэгдэж байна. Үе солигдож байна. Жишээлэхэд л 1987 оны залуу, Н.Учрал сайд маш амжилттай, шинэ дүр зургаар замнаж байна шүү дээ. Бидний үеийнхэн намын бүх шатны албан тушаалд очиж эхэллээ. Залуучуудын нам болж байгаа. Үүх түүхээ уншиж мэдэж, тодорхой хэмжээнд мэдрэмж суучихсан, харьцуулж харсан залуус МАН-ыг сонгодог гэж би хардаг шүү.
-Нийтийн алба хаших нь хурдан хугацаанд эрх мэдэлд очих гэдэг утгаар хэр чухал байсан бэ?
-Би ерөөсөө төрийн алба ямар байдгийг үзье л гэж бодсон. Албан тушаалаа мөнхийн мэт санадаг, нэг гарын үсгийг үнэ цэнтэй болгох гэж ард иргэдэд төчнөөн хүндрэл учруулдаг шүү дээ. Ний нуугүй хэлэхэд. Би өөрөө дотор нь ажилласны хувьд үүнийг мэдэрч, үзэн ядсан. Нэг ч болов иргэний асуудлыг шийдэх гэж суугаа болохоос эрх мэдлийн төлөө биш шүү дээ, энэ. Нөгөө талаар би ажил амьдралын арвин сайхан туршлагатай болсон. 2012 онд МУИС-ийг төгсөж, Монголын нэлээд том хуулийн фирмд ажилд орсон л доо. Гэвч нэг л юм намайг дуудаад байсан. Төрийн байгууллагад ажиллаж үзмээр санагдсан. Ингээд СХД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажилд орсон. Нийтийн албан тушаалтны хувьд сурдаг, мэддэг юм маш олон. Ажлыг яаж явуулах вэ, аль шатандаа гацдаг вэ, гацааг арилгахын тулд яах вэ. Маш энгийнээр оновчтой менежмент хийж, төрийн ажлыг явуулъя гэвэл явуулж болдгийг бас олж харсан.
-Намаар явсан хүмүүс хоёр янз байна л даа. Яг ажилтай зууралдаж, нийтийн алба гэдгийг мэдэрч, шат шатаар нь өгсдөг нэг хэсэг. Нөгөө хэсэг нь энд тэндхийн даргын зөвлөх гэх мэтийн албан тушаалаар, гардан тулсан ажлаас холуур тойрсоор гэнэт улс төрийн карьер бүтээж байна.
-Би үүнд их шүүмжлэлтэй ханддаг хүн л дээ. Юмаа мэддэг, ажлаа хийдэг хэсэг нь үргэлж хоёрдугаар ээлжид л зогсоод байна. “Хунтайж” нар, цүнх баригчид амар хялбар аргаар албан тушаалд очихыг хараад зэвүү ч хүрдэг, хэлэх үгээ ч хэлдэг. Тэдний гараас ер юм гардаггүй. Том машин унасан сайхан дарга нар хаа сайгүй харагддаг болчихлоо.
-80-аад оныхноор үе солигдож байна гэлээ ч тэдний бас дийлэнх нь сайн цүнх барьж байгаа л даа. Жамаараа явъя гэдэг хүмүүс хомрогонд нь өртөж, чин зүтгэлээрээ ялгагдаж харагддаггүй юм шиг сэтгэгдэл төрдөг үү?
-Юуг нуух вэ, тийм сэтгэгдэл төрдөг нь үнэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд миний үеийн зарим залуус ажил албанд очихыг харлаа. Эргээд харахад хийж бүтээсэн зүйлгүй, зүгээр л дөрвөн жилийг хий өнгөрөөчихсөн байна шүү дээ.
-Таны намтрыг харахад хот тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал гээд хэдэн тодорхой багц сэдэвт бодит ажил хийсэн хүн юм шиг байна. Ер нь Нийслэлийн захирагчийн албаны хүмүүсийн хийсэн, санаачилсан ажил үргэлж далд явдаг л даа?
-1990-ээд оноос хойш Улаанбаатар хотын төлөвлөлт замбараа алдлаа. Үүнд ч МАН буруутай. Ажилдаа сэтгэл зүрхнээс хандаагүй байна гэсэн үг. 2016 онд би УГТЭ-д хамаатны ах хүүгээ үзүүлэхээр иртэл гадаах талбай нь бөмбөгдүүлсэн мэт л байсан. Машины дугуй нүхэнд шигдээд суучихсан байх жишээтэй. Би хариуцсан ажлынхаа болохгүй байгаа цэгийг олоод харчихдаг талтай. Түүний дараа Нийслэлийнхээ бүх эмнэлгүүдийн гадна зам, талбайг харахаар тойрч явлаа. Яг л ижилхэн байсан. Ингээд Ерөнхий менежертээ танилцуулж, төсөв хөрөнгө хөөцөлдсөн. Улмаар нийт 23 эмнэлгийн гадна зам талбайг зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, цэцэрлэгтэй болгож иж бүрнээр тохижуулсан. Хаана ч эмнэлгийн үйлчилгээ авсан тэр ажил маань байж л байгааг харахад сайхан санагддаг. Гэмтлийн эмнэлэгт очиход ганц л орц, гарцтай байсан. Тойруулаад баахан газар олгочихсон. Тэгж л сэтгэлгүй хандсан байна шүү дээ. Ингээд хоёр газарт орц, гарц нэмсэн. ХСҮТ-д ч хоёр орц, гарц нэмсэн. Гэмтлийн эмнэлэгт мөн нисдэг тэрэгний зогсоол байгуулах шаардлагатай санагдсан. Ингээд ИНЕГ-ын удирдлагуудтай уулзаж, зохих зөвшөөрлийг нь авч байсан. Одоо нисдэг тэргээр хөдөө орон нутгаас өвчтөнүүд ирж, ГССҮТ-д үйлчлүүлж байгаа тухай мэдээ харах бүрдээ сэтгэл өег суудаг. ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ЗСҮТ, ГССҮТ гэж дөрвөн эмнэлэгт нисдэг тэрэгний зогсоол байгуулсан.
-Ногоон байгууламжийн хувьд?
-Байсан юмыг устгаад л, барилга барьчихдаг байсан даа. Үнэнийг хэлье. Угтаа хотын хөгжлийг ногоон байгууламжийн хэмжээгээр хэмждэг болчхоод байна. Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 25 м.кв-аас дээш байвал тэр ээлтэй хот. Гэтэл намайг ажил авсан 2016 онд 2.3 м.кв байсан. Ингээд Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө гэж батлан, 20 гаруй мэргэжлийн хүмүүсийг цуглуулж, ногоон байгууламж нэмэгдүүлэх бодлогын баримт бичгээ гаргасан. Богино хугацаанд үр дүнтэй ажиллаж, 2.3 гэдэг тоог 5.3 болгож 2.5 дахин нэмэгдүүлсэн.
Та бүхэн мэдэх байх, БНХАУ гэхэд л дандаа том мод шилжүүлэн суулгадаг. Бид дандаа 40-50 см мод суулгаж, арчлахаа мартдаг. Тэгээд л жилийн дараа үхчихдэг. Тэгж олон сая мод үхүүлж ирсэн. Мод томортол олон жилийн нарийн арчилгаа шаардлагатай юм билээ.
-Зулзаган мод өвөл цас орохоор л даахгүй хугарчихдаг.
-Тийм. Ийм болохоор олон улсын жишгээр хилийн зурвас, өндөр хүчдэл дагуулж нарс модыг 2016 оны намраас тарьж эхэлсэн. 4-5 метр өндөр гэдэг нь 10-15 настай гэсэн үг. Тэр үед эсрэг намууд харлуулж л байсан, зүгээр байсан модыг Улаанбаатарт авчирч булшиллаа гэж. Нарс жилийн дөрвөн улиралд ногоон, хүчилтөрөгчийг хамгийн их ялгаруулдаг. Бид ийнхүү 17 мянган нарс нийтийн эзэмшлийн талбайд тарьж, 98 хувь нь амжилттай ургасан. Мөн Улаанбаатар хотод гоёлын бут сөөг тарих ажлыг санаачилж, эхлүүлсэн.
Сүхбаатарын талбайн урд талд Хонхтой цэцэрлэгт хүрээлэн бий. Өмнө нь энэ газар “Улаанбаатар” банкны эзэмшилд байсан. Социализмын үеийн цөөхөн хэдэн модтой. Гэтэл дэргэд нь “Central Tower”-ын гадаах талбай өдөр, шөнө шиг ялгаатай байлаа. Улмаар газраа авч үлдье, ногоон байгууламжтай болгоё гэж 2016 онд санаачилж байсан. Мөн дандаа гацуур, нарс мод тарьж өгсөн. Одоо сайхан ургажээ.
-Таны санаачилга юм уу, угтаа?
-Тийм ээ. Ер нь төсвийн мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулдаг, ач холбогдлыг нь эрэмбэлж чаддаг байх хэрэгтэй юм билээ. Олон газар биш. Нэг гудамжийг иж бүрэн янзална. Дараа жил нөгөө гэх мэт оновчтой төлөвлөгөө хэрэгтэй.
-Цэцэрлэгт хүрээлэн байгууллаа, зам заслаа гэхээр их юм гийгүүлж дээ гэж хүлээж аваад байдаг. Гэхдээ шат шатанд нь ажилладаг хүмүүсийн хувьд энэ амаргүй л юм билээ. Эдгээр нь хэр хялбар байв?
-Энэ цаг наргүй ажил. Ням гарагт л жаахан суларч, гэр бүлдээ цаг гаргах боломж олдвол олдоно. Улаанбаатар хотын төсөв хөрөнгө тийм ч хангалттай биш байж ирсэн. Тийм учраас бага зардлаар үр дүнд хүрье л гэж зорьж ирсэн. Жил ирэх бүр сайжраад л байна. Нөгөөтээгүүр арчлалт, хамгаалалт гэдэг зүйл хамгийн их хоцордог шүү. Тохижууллаа, тэгээд л хаячихдаг. Хариуцдаггүй, арчилдаггүй. Энэ тал дээр хаана, хаанаа дутагдалтай. Бий болгосон зүйлийг арчилж, хамгаалах чиглэлд давхар хөрөнгө төсөвлөх шаардлагатай юм билээ.
-Дүүрэг, Нийслэлийн анхан шатанд ажилласан хүмүүсийн санаачилга бас том дарга нарын нэр дээр явчихдаг тал ч бий гэж хардаг л даа?
-Тийм зүйл бий л дээ. Ажилдаа сэтгэлтэй, анхан шатанд ажиллаж буй залуус бий бий. Тэд попордоггүй, чимээгүй л өнгөрдөг. Ажлаа л сайн хийхийг боддог.
-Хог хаягдлын тухайд?
-Улаанбаатар хотод жилд 1 сая гаруй тонн хог хаягдал гардаг. Дэлхийн жишигт манай хог хаягдлын менежмент хүрч очих болоогүй. Хог дахин боловсруулах чиглэлд ажилладаг компаниудыг өмнө нь төр огт дэмжиж ирээгүй юм билээ. Хог ангилан ялгах үйлдвэрүүд мөнчгөрөөрөө л ажиллана, газрын асуудалтай. Улмаар бид удирдлагатайгаа ярилцаж байгаад, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоотой уулзсан. Ингээд хогийн цэгүүдэд Эко парк байгуулах нь оновчтой гэдэг санаачилгыг хүлээж авсан. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба тус холбоотой санамж бичиг байгуулж, ийм чиглэлийн компаниудад газар олгож эхэлсэн. Газраас гадна цахилгаан, дулаан гээд олон дэмжлэг хэрэгтэй л дээ. Одоогийн байдлаар 13 үйлдвэр төвлөрсөн гурван хогийн цэг дээр байгуулагдаж байна. Хоёр нь ашиглалтад орлоо. Саяхан нэг үйлдвэрт нь очиж танилцахад, жилд 700 тонн зөөлөн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж, үрэл болгодог гэж байна.
Зарим хороодод хог ангилан ялгах төсөл хэрэгжүүлж үзсэн. Гэвч тээвэрлэлт чухал юм байна. Хогоо ангилчихсан ч хогийн машин холиод аччихдаг. Хүнсний хог хаягдал гэхэд л тусдаа нэг машин ачдаг байх ёстой. Түүнийг дараа нь бордоо болгох боломжтой. Тийм учраас хог ангилан ялгах чиглэлд хүссэн хүсээгүй бид явах ёстой. Наана нь адаглаад хог шатааж, эрчим хүч гаргадаг үйлдвэр чухал байна. Бид гадаадад очиж танилцсан. Гэр хорооллын айлуудад эрчим хүчний хангамж дутмаг л байгаа. Хогийн цэг түшиглэсэн ийм үйлдвэрийг санаачилсан. Одоо Нийслэлийн МАН-ын Мөрийн хөтөлбөрт орсон байна.
-Та ийнхүү шат шатаар өгсөж, улс төрийн карьераа ахиулна гэж л бодож байгаа байх. Улстөрчийг хувь хүн гэдгийг нь мартаж, юугаар ч адалж хэрчиж хаяхад бэлэн нөхцөл байдал угтдаг. Хэзээ ч энэ дунд алдахгүй гэж боддог чиг шугам тань юу юм бэ?
-Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг бий. Энэ маш энгийн мөртлөө үнэн ойлголт юм шиг санагддаг, товчхондоо. Яагаад НИТХ-д нэр дэвшинэ гэж бодсон бэ гэхээр, дүүрэг, нийслэлд нь ажилласан, ажил бүтээсэн туршлага байна. Ийм төлөөлөгч гараад, тийм ажлуудыг хийж чадна гэж харуулах боломж байна. Улаанбаатар хотод ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд анхнаасаа зөв төлөвлөж, төсөв мөнгөө зөв зарцуулбал боломж маш арвин юм билээ л дээ.
-Та ажлаа л яриад байна. Хувь хүний хувьд асууж байна?
-Би аливаа юманд аятайхан нуруутай явах сан л гэж боддог. Улааныг харж урваж, шарыг харж шарвах хамгийн дэмий асуудал. Ашиг сонирхлоос ер нь хол явах ёстой. Эргээд харахад сэтгэлийн амар амгалан л хүнд чухал биз дээ. Өнгөрсөн 30 жилд нэр бүхий хүмүүс болсон болоогүй юманд холбогдлоо. Нас дээр гарсан хойно гудамжаар ядаж тайван алхах хэрэгтэй байх аа. Тэгэхээр би сэтгэлийн амар амгаланг л чухалчилдаг. Эргэж харахад хийсэн ажилтай, үр хүүхдүүдээ зөв сайхан хүмүүжүүлж төлөвшүүлсэн байвал болж байгаа нь тэр. Би амьдралд өөр зүйл хэрэггүй л гэж боддог. Нуруутай байх сан гэж бодож явдаг.
-Та гурван хүүхэдтэй юм байна. Тэднийгээ их ажлын зэрэгцээ хэрхэн хүмүүжүүлдэг нь сонин байна. Учир нь та хүүхдүүдийнхээ төлөвшилд их анхаардаг аав шиг санагдлаа?
-Ярилцах дуртай. Шууд тушааж зааварлах биш, алсуур нөлөөлөх боломж ээж, аавуудад бий гэж боддог шүү. Би хүүхдүүдээ амьдралын алив нугачаа таарахад тэр бүрд нугарахааргүй хаттай, амьдрах чадвартай болгож хүмүүжүүлэхийг л хүсдэг. байна шүү.
-Харин аав, ээжийнхээ өгсөн хүмүүжлээс алийг онцолж боддог вэ. Ер нь хүний суурь хүмүүжил гэдэг юм ажлын талбар дээр ч баллуурдах аргагүй гарч ирдэг юм байна.
-Аав маань олонтой хүн. Ганц талхыг ч хувааж иддэг хүн байдаг даа. Яг л тийм. Аав маань малын эмч, ээж маань цэцэрлэгийн багш. Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг, замаг сайтай усанд загас бүхэн цугладаг гэдэг шиг л, ийм гэр бүлд өссөн дөө. Урдуур гарсныг ундалж, хойгуур гарсныг хооллодог улс учир аав ээжээсээ сайхан олонтой явах, найзалж нөхөрлөхийг сурсан. 10 төгрөг байгаа бол есийг нь тараагаад өгчихдөг л болж хүмүүжсэн. Аав маань амьдралын их холч ухаантай, алсуур нь харж бүтээдэг, болгодог хүн. Ээж асар их тэвчээртэй. Аавыг нэг хэсэг гадаадад ажиллах үеэр гурван хүүхдээ харж үлдэхдээ зүйрлэшгүй сайн ээж байж, биднийгээ хүмүүжүүлсэн. Тэднээрээ бахархахгүй байхын аргагүй.
-Сонгуульт албан тушаал нь давхар олон нийтийн итгэлийг даана гэсэн үг шүү дээ. Урдах ажлаа хийхээс гадна иргэдийн сонголт, итгэлийг үүрнэ гэхээр танд юу бодогддог вэ?
-Дэвшсэн тойргийнхоо ард иргэдтэй эргэж уулзах нүүртэй байх л чухал гэж боддог. Жил бүр хийсэн ажлынхаа тайланг тавьдаг, амьд харилцаа үүсгэдэг баймаар санагддаг. Сонгогдсон л бол гараад алга болчихдог байж боломгүй байх юм. Идтэн шидтэн биш, бүх асуудлыг шийдэж чадахгүй ч боломжийг эрэлхийлж болдог л юм билээ. Хэлсэндээ л хүрэх хэрэгтэй.
-Та хот дээр багагүй хугацаанд ажилласны хувьд асуудлыг сайн мэдэж байгаа байх. Ирэх дөрвөн жилийн НИТХ-ын бүрэлдэхүүн Улаанбаатар хотыг сая нэг гацаанаас гаргахад нөлөө бүхий байж чадна. Том төслүүд ч хэрэгжих гэж буй. Яаж ажиллах ёстой гэж харж байна?
-Эрчим хүч, дулааны хангамж дутмаг буюу салбар нь ачааллаа дийлэхгүй байгаа. Ийм учраас гэр хорооллыг хэсэгчилсэн байдлаар хөгжүүлэх нь зөв гэж үздэг. Өдгөө “Сэлбэ дэд төв”-ийн төсөл амжилттай явж байна. Маш зөв жишиг. Нөгөө талаар, барилга байшин барихаас илүү гэр хороолол руу дулааныг нь, цэвэр бохирын шугамыг нь татаад өгвөл иргэдэд газар өөрөө үнэ цэнтэй хэвээр үлдэнэ шүү дээ. Юу юугүй газрыг нь хоёр өрөө байраар сольж өгөхөд анхаарах биш. Хэсэгчилсэн байдлаар дэд бүтцийг нь шийдэж, зам талбайг нь өөд татвал айл хэдэн үеэрээ тэндээ амьдрах боломж бүрдэнэ. Нөгөө талаар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахин боловсруулах чиглэлд нухацтай анхаарч ажиллана гэж бодож байна.
-Бидний төрд итгэх итгэл уначихсан болохоор ийм юм ярихаар хэзээ ч бүтэхгүй гэж боддог л доо. Энэ их гэр хороололд дэд бүтэц хийнэ гэхээр л сонин сонсогддог. Бүтээе гэвэл бүтэх үү?
-Би нэг юм бодчихоороо ард нь гарч байж л сэтгэл санаа тайвширдаг. Бүгд бүтэхгүй гэж харвал хэн хийх билээ. Ерөөс төсвийг л зөв зарцуулах ёстой. Манай эдийн засаг тэлж байна, Улаанбаатар хот өөрөө төсвөө захиран зарцуулдаг болчихлоо. Үүнийг Дарь-Эхээс эхэлж хийх боломжтой. Учир нь хотын төвд хамгийн ойр. Тийм болохоор бага багаар, хэсэгчилсэн байдлаар ажиллах нь зөв гэж харж байгаа.
-Ийм ажлыг дөрвөн жилийн хугацаанд хийж амждаг уу. Боломжит хугацааны тухайд асууж байна шүү дээ?
-Амжина. Амжихаар хугацаа. Гол нь манайхан нэг ажил эхлүүлчхээд хаячихдаг. Шахаж шаардаж, араас нь явж, хаанаа гацаад байна гэдгийг илрүүлж явдаггүй. Ингэж зохион байгуулж ажиллавал дөрвөн жил маш хангалттай хугацаа.
-Баянзүрх дүүргийн тухайд ямар ажлыг чухалчлах юм бэ. Таны захирагчийн албанд байхдаа хийсэн ажлуудыг харахад энэ дүүрэгт тодорхой туршлага хуримтлуулсан юм шиг санагдсан?
-Хүн амын нягтаршил маш их байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж улам хүндэрч эхэллээ. Мөн хогны менежмент маш муу байна. Хашаанд нь хог хоёр хонуулахад л ямар үнэртэх билээ. Иймд хогны менежментийг нь сайжруулж, бусад дүүргүүдийн хэмжээнд хүргэх хэрэгтэй. Мөн гэр хороолол дундах автозамын хөгжил сул байна. Байшин хорооллын тухайд автомашины зогсоол тун хүнд байна. Азтай нь л зогсоол олдог болчихсон. Нөгөөтээгүүр Сэлбэ гол дагуух байшин хорооллын дороос хөрсний ус их гарч байна. Барилгын аюулгүй байдалд эрсдэл учруулж байна. Үүнийг насос станц байгуулж шийддэг юм билээ. Хөрсний усны асуудлыг шийдэхгүй бол манай байшин хорооллын айлуудын хүнд асуудал болчихлоо шүү дээ.
-Хөрсний усан дээр гэхэд өмнө нь хэн нэгэн үүнийг санаачилж байсан уу, судалсан уу?
-Байхгүй. Улаанбаатар хотод хөрсний ус зайлуулах ганц станц байдаг нь Хархоринд юм билээ. Хоёр дахийг нь Х.Нямбаатар дарга Сэлбэ гол дагуу барихаар судалгааны ажлаа эхлүүлсэн байна.
-Их аж ахуйн шинжтэй ажлууд л даа.
-УИХ-ын гишүүд улс орны шинжтэй бодлого гаргадаг бол Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид ерөөс иргэний амьдрах орчин тойрны асуудлыг шийдэх ёстой. Таны амьдарч буй орчин нөхцөлийг ая тухтай байлгахын төлөө л өөрийгөө зориулна, асуудлыг шийдэж өгнө гэсэн үг. Цаашид ер нь НИТХ-д ядаж өөрийнхөө, үр хүүхдийнхээ төлөө ажил хийдэг залуус л гарч ирээсэй. Яг ажил хийдэг нь зохих зохих албан тушаалдаа очмоор байна. Х.Нямбаатар дарга дандаа мэргэжлийн хүмүүсийг томилдог боллоо, үүнийг зөв гэж харж байна.
-Энэ карьерын туйлын зорилго юу вэ?
-Шийдвэр гаргах түвшинд очиж байж л юм хийе гэсэн залуу хүний чин сэтгэлээ үр дүнд хүргэнэ гэж тэмүүллээ. Гүйцэтгэгч байгаад тэр бүгдэд хүрдэггүй юм билээ л дээ. Шийдвэр гаргах түвшинд очвол маш их боломж байна гэдгийг олоод харчихсан учраас ийш зориглосон. Тэгж л чин сэтгэлээсээ хүсэж байгаа.