Уран цэцэн үг хэлсэн нь биш урагштай ажилласан нь, цээжээ дэлдэж хашхичдаг нь биш чимээгүй хөдөлмөрлөсөн нь үнэлэгддэг цаг ирсэн. Орон нутгийн сонгуулиар иргэд, олон нийт яг ийм сонголт хийх хандлагатай. Дээр нь нэмээд шударгын дүрээр гудамжинд тэмцэж, “гуагчдаг” дүрд туйлын дургүй болжээ. Сумандаа, аймагтаа, дүүрэгтээ, нийслэлдээ юу хийснээр нь үнэлж сонгуулиа өгнө гэсэн үг.
Дүүргүүдийн удирдлагуудаас нэр дэвшигчдийн нэг нь Ө.Сумъяабаатар. Тэрбээр, НИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй юм.
Өндөр боловсрол эзэмшсэн залуу нас
Түүний хувьд 1997 онд МУИС-ийн Улс төр судлалын ангид элсэн суралцсан. Сургуулиа төгсөөд эрдэм шинжилгээний ажилтан, багш эсвэл улс төрийн ажил хийнэ гэсэн бодол өвөртөлж явжээ. Чингээд 2000 онд МАН-ыг сөрөг хүчин байх үед нь ч элсэн орсон байна. Харин Их сургуулиа төгсөх жил нь ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Чадраагийн “Номын мөр хөө” гэсэн зөвлөгөөний дагуу ШУА-иас ажлын гараагаа эхлүүлсэн аж. Оюутан ахуйгаасаа Монголын оюуны цөм болсон эрдэмтэн, судлаачдад тоогдон ШУА-д ажиллаж, их зүйл сурч авах завшаан тохиосон гэдэг. Шинжлэх ухаан суурьтай хүн манай дарга нар дотор төдийлөн олон биш.
Мерит зарчмаар өгссөн
Баянгол дүүргийн МАН-аас гурван удаа сонгогдож, 2012 оноос дүүрэг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сууж ирсэн намтартай. Сүүлийн дөрвөн жил Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж буй юм. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагад анхан шатны нэгжээс эхлээд мерит зарчмаар өгсөж яваа хүмүүсийн нэг. Судалгааны байгууллагаас эхлээд улстөрийн нам, төрийн яаманд ажиллаж, дүүрэг удирдах хэмжээнд зарчмаар нь хүрсэн.
Мерит зарчмаар явсаар орж ирсэн нь “лифт”-нийхнээс ялгардаг. Мерит зарчим гэдэг бол гавьяа зүтгэл, чанар чансаа, сайн тал, хүлээн зөвшөөрөгдсөн байдал гэх мэт утгыг агуулдаг. Ерөөсөө л чадавхын зарчим. Чадавхтай дарга байна гэдэг монгол төрийн дархлаа яах аргагүй мөн.
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр Ө.Сумъяабаатарын тухай “Нэг ажил эхэлбэл гүрийсээр дуусгадаг. Ямар ч ажилд яс чамбай ханддаг. Хэлсэндээ хүрдэг хүн” хэмээн тодорхойлон ярьсан удаатай. Үүнээс түүний хэр тууштай, барьж авсан ажлаа дуусгадаг, хариуцлагатай болох нь харагдана.
Ярьдаг биш хийдэг “хүн”
Ө.Сумъяабаатар харин өөрөө “Би Монгол хүн гэж хэлэхийн тулд Монголын төлөө цохилох зүрх сэтгэлтэй, өв их соёлтой байх ёстой” гэж хэлдэг. Монголын төлөө цохилох зүрх сэтгэлтэй хүн л монголын төлөө үйлчилнэ.
Харамсалтай нь өнөөдөр улсын эрх ашгаас хувийнхыгаа дээгүүрт тавьдаг, илүүд үздэг дарга нар нь олон болчихсон. Иргэдийн ч бухимдал төрдөг сэдэв энэ.
Гэтэл дүүргийн дарга гэдэг жинхэнэ халуун амьдрал “буцалсан” газар дунд ажилладаг. Хүн эрхэлсэн ажилдаа эзэн байх шиг сайхан зүйлгүй. Ө.Сумъяабаатарыг бусад ажилчдаа үлгэрлэн манлайлдаг, эрхэлсэн ажлаа том зургаар нь төлөвлөж хардаг гэцгээдэг юм билээ. Өнөөдрийг биш маргаашийг буюу ирээдүйг харж Баянгол дүүрэгтээ олныг хийснийг өөрөө биш хийсэн ажлууд нь яриад өгч байна. Өөрөө олон нийтэд яриад явж харагддаггүй. Даруухан. Хэлдэг биш хийдэг, подордог биш чимээгүй урагшлуулдаг дарга нар л олон болчихвол.
Залуусын сонголтоо хийх шалтгаан ч ийм байгаасай. Өнгөрсөн жилүүдэд хийсэн ажил, хувь хүнийг нь хар сонголтоо хийгээсэй.
Бидэнд ярьдаг биш хийдэг хүн хэрэгтэйг хамгийн сайн ойлгоцгоосон.
У.УЯН