Чех улсын нийслэл Праг хотыг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хот, европын зүрх гэх мэтээр нэрлэдэг. Тэгвэл үүнээс гадна сүүлийн жилүүдэд монголчууд яагаад тус улсыг олноор зорих болсон. Мөн хэл, соёлыг нь суралцахад хүндрэл бэрхшээл хэр их тулгардаг талаар Чех хэл, орон судлаач Ц.Анхтуяатай ярилцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулаач
-Сайн байна уу? Намайг Цагаанхүүгийн Анхтуяа гэдэг.Үндсэн мэргэжил маань Чех хэл орон судлаач. 2006-2010 онд Монгол улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийг суралцаж төгссөн. 2020 оноос одоог хүртэл Чех хэлний онлайн сургалт явуулж байна. Анх БНЧУ-д байгаа Монголчуудад маань хэлний бэрхшээл их тулгарч байсан учир тэнд байгаа Монголчуудад зориулж онлайн сургалт явуулж эхэлсэн.
– Яагаад яг Чех улсад амьдарч байгаа Монголчуудад зориулж сургалтаа явуулж эхэлсэн юм бэ? Тэр хүмүүс орчинд нь байгаа учир өөрсдөө илүү хурдан сурахгүй юу?
– Уг нь хар ухаанаар бодоход тийм л дээ. Гэхдээ Чех улсад 5 жил ажиллаж, хөдөлмөрлөсөн гадаад хүн “Байнгын оршин суух зөвшөөрлийн шалгалт” буюу А2 түвшний шалгалт өгдөг. Уг шалгалтыг амжилттай өгснөөр виз нь 10, 10 жилийн хугацаатайгаар сунгагддаг. Энэ дүрэм болон бичгийн шалгалт учир Чех улсад амьдардаг хүмүүс миний сургалтад суудаг гэх үү дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд Чех улс руу явахаар зорьж байгаа хүмүүс ч сургалтад маань суудаг болсон.
– Чех улсын онцлог давуу тал юу вэ? Монголчууд маань энэ улсыг ямар шалтгаанаар түлхүү зорьж байна?
– Чех улс аз жаргалын индексээрээ дэлхийд нэлээн дээгүүрт ордог. Түүнээс гадна дэлхийн хамгийн аюулгүй орнуудын жагсаалтын 9-т жагсдаг. Үүнд мэдээж орчин, боловсролын чанар, эрүүл аюулгүй хүнс нөлөөлж байгаа. Ийм учраас Монголчууд маань их мөнгө олох гэхээсээ илүүтэй хүүхдийнхээ боловсрол ирээдүйд анхаарч, эрүүл аюулгүй хүнс хэрэглэхийг чухалчилж байна. Чех улсын иргэдийн дундаж наслалт эмэгтэйчүүд 70 нас, эрэгтэйчүүд 80 нас байдаг. Тиймээс эрүүл аюулгүй орчинд үр хүүхэдтэйгээ урт удаан, аз жаргалтай, тайван амьдрах зорилгоор ихэнх залуу гэр бүлүүд Чех улсыг зорьж байна.
– Монголчууд Чех хэлийг сурахад нийтлэг ажиглагдаж байгаа хүндрэл бэрхшээл бий юу?
– Монголчууд ямар ч хэлийг сурахдаа авьяастай. Аливаа хэлний дуудлагыг маш цэвэр хэлж сурдаг. Харин нийтлэг ажиглагдаж байгаа сул тал нь тууштай биш байдал. Үүнд нь өөрийгөө муу байна, сурахгүй байна гэж бусадтай харьцуулдаг нь нөлөөлж байна гэж харж байгаа. Бид бие биеийнхээ сайн талаас суралцах нь зөв. Хурдан сурч байгаа хүмүүстэй өөрийгөө харьцуулаад шантрах биш тэр хүнээс урам аваад шантралгүй 1 үг, 1 өгүүлбэр цээжилсэн бол түүндээ урамшиж өөрийгөө идэвхжүүлэх ёстой.
– Цахимаар сургалт ороход тохиолддог хүндрэлтэй зүйл бий юу?
– Хүмүүс хөдөлмөрийг минь үнэлэхгүй байх л хэцүү дээ. Цахим сургалтын ихэнх хүмүүс маш хялбар аргаар мөнгө олж байна гэж ойлгодог. Гэтэл би нэг хичээл бэлдэхийн тулд маш олон удаа ярьж, түүнийхээ эвлүүлэг дээр суух, сурагчдаа идэвхжүүлэх гэх мэтээр хөдөлмөрлөж байгаа. Үүнийг маань ойлгож надад хүндэтгэлтэй, хичээлд минь хариуцлагатай хандаасай л гэж хүсдэг дээ.