Женко Х.Баттулга хотын ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд АН-аас өрсөлдөх 45 кандидатын 30 гаруйг халаасалчихсан.
Тэр ингэж УИХ-ын сонгуулиар гаргаагүй хүчээ орон нутгийн өрсөлдөөнд асгаж буй нь ерөөсөө л “жижигхэн, жижигхэн” Женко нарыг тараан байршуулах зорилготой юм.
Тэр олон жижигхэн Женкогийн нэг дүр нь төрсөн дүү Х.Баттуулынх нь хүү Б.Оргилбат. Тэрбээр Баянгол дүүргээс НИТХ-д өрсөлдөж буй.
Өмнө нь Х.Баттуул НИТХ-д сууж байсан туршлагатай. Гэвчиг хүүд нь бол НИТХ-д суусан, нийтийг төлөөлсөн ямар ч туршлага байхгүй.
Туршлагыг ер нь “Женко ухаан”-аар бол өөрөө сурах биш өвлөж авдаг болж таараад байна.
Б.Оргилбатын ‘Google” дээрх хайлтын илэрц ч их биш. Түүний аав Х.Баттуул, ээж Н.Алтанцэцэг нь 2007 онд “Миллхаус” ХХК-ийг байгуулсан байдаг ба цар тахлын үед Б.Оргилбат уг байгууллагын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.
Б.Оргилбат “ХААДС” -гаас “Милл хаус” ХХК-иараа 2022 онд 4.9 тэрбум төгрөгийн зээлийг авсан ч өнөөдрийг болтол 3.9 тэрбум төгрөгийг нь төлөөгүй гэх муу нэртэй.
Гадны хэд хэдэн оронд эцэг эхийн мөнгөөр сурч ирсэн, үе дотроо эрдэм мэдлэгтэй нэгэн гэгддэг. Гэвчиг монголын амьдралаас хэдэн арван жилээр тасарч, улсаа болохгүй, бүтэхгүй байгаагаар нь муулсан, цагаан гартай залуусын л нэг юм.
Х.Баттулга олон арван “мояа” гэгдэх залуусыг дагуулдаг ч яг ийм цагаан гартай зээ дүүгээрээ чухам юу хийлгэх гэж улс төрд сойж байгааг таахад бэрх. Б.Оргилбат Х.Баттулгын “дуураймал” дүр болтлоо асар удах магадлалтай.
Б.Оргилбат авга ах Х.Баттулгынхаа “Женко тур бюро” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж ирсэн өөр нэг намтартай. Нэг ёсондоо монголд ажиллах хугацаандаа шинээр бизнес эхлүүлсэн түүхгүй. Х.Баттулгын нөмөр, нөлөөллөөр бий болсон бизнесүүдийг шуудхан удирдаж ирсэн, зовлон үзээгүй бизнесменүүдийн нэг л юм.
Авга ах Х.Баттулга түүнд хань болгож, энэ удаагийн НИТХ-ын сонгуульд “Талх чихэр” ХК-ийнхаа дэд захирлыг, “Хиам консервын үйлдвэр” ХХК-ийнхаа гүйцэтгэх захирлуудыг нэр дэвшүүлж байгаа.
Улмаар АН-ын авсан суудлын тооноос хамаарч, тэдний нэгийг хотын орлогчоор зүтгүүлнэ гэх яриа явж буй.
Магад тэр нь Б.Оргилбат байж ч болох юм.
Саяхныг болтол Х.Баттулга улс төр рүү өөрийн хамаатнуудаа түлхээгүй. Харин энэ удаа жинхэнэ өөрийнхөө суганы үс, цүнх баригч, хамаатнуудаа бүгдийг нь нийлүүлж байгаад НИТХ-ын сонгуульд өрсөлдүүлчихлээ.
Тэднээс хамгийн сайнаар Женкогийн “дуураймал” дүрийг хэн гаргаж чадах вэ гэдэг марафон даган баясагчдынх нь дунд үүсчээ.