2022 оны нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 23-р тогтоолоор хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлагыг батласан удаатай. Уг шаардлага стандарт нь нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэг, сургууль, орон сууцны хорооллын эдэлбэр газарт 12 нас хүртэлх хүүхдийн тоглоомын талбай байгуулахад дагаж мөрдөх байв. Захирамжийг туайн үед Нийслэлийн захирагч Д.Сумъябазар гаргаж тухайн оныхоо 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн аж. Уг тогтоолыг бататгаж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан гарын үсэг зурсан нь одоо ч баримтаар байдаг. Өөрсдийнхөө батласан захирамжийн хэрэгжилтийг дүгнэж, тайлагнаад ил болгоод ч байх шаардлага алга. Хотод хүүхэд тоглочих стандартын дагуу, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан олигтойхон хүүхдийн тоглоомын талбай үнэндээ алга.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийгдэх төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 204 хорооны иргэдээс цахим хэлбэрээр санал хураахад “Хүүхдийн тоглоомын талбай байгуулах” гэсэн санал хамгийн их ирсэн байна. Дүүрэг хороонд байтугай, байр болгоны гадна хүүхэд тоглох талбай хэрэгтэй.
Нийслэлд үндсэндээ хүүхдийн тоглоомын 1450 гаруй талбай байгаагаас 976 нь стандартын шаардлагад тэнцэхгүй, хүүхэд тоглоход эрсдэлтэй байгаа талаар Хотын стандарт, хяналтын газраас албан ёсоор мэдээлж байсан. 600 гаруй хүүхдийн тоглоомын талбай нь шаардлага хангахгүй, 470 гаруй нь нэн даруй засах шаардлагатай болчихсон нөхцөл байдалтай. Түүнчлэн тоглоомын талбайнуудын арчилгаа тордлогоо байхгүйгээс гадна бөөн ажил болж тоглоомын талбай байгуулдаг ч зарим нь цоожтой байх жишээтэй.
Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг 2019 онд батласан ч мөрдөхгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Хотын удирдлага, шийдвэр гаргагчид уг нь энэ асуудал дээр анхаарлаа хандуулаад шийдвэрлээд өгсөн бол хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх талбайгүй гэж явсаар гол усанд эндэж, машинд дайруулж эрсдэлд орохгүй байх боломж ч байсан. Үнэхээр хүүхэд бүр өөрт ойр тоглоом, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайтай сан бол өөрийгөө эрсдэлт нөхцөл рүү аваачихуйц хол яваад байх шаардлагагүй юм.
МАН засагласан эдгээр жилүүдэд хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбайн асуудлууд улам хаягдаж, шинээр баригдах байтугай стандарт хангаж байгаа нь ч цөөхөн байна. 2021 онд нийслэлийн удирдах зөвлөлийн ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр тоглоомын талбайг засаж эхлэх ажлыг хөндөж байсан ч тухайн үед 900 гаруй сая төгрөгийн төсвөөр ойролцоогоор 340 гаруй тоглоомын талбай засварлах юм байна гэж цухуйлгасан болоод ажил хэрэг болгоогүй бөгөөд энэ мөнгөн дүнгээ улсын төсөвт ч суулгаагүй байдаг.
Гэтэл өнөөдөр нийслэлд 1 км замын бродюрийг 750 сая төгрөгөөр тавьж байна. Хүүхдийн тоглоомын талбай засаж, шинэчлэхээс илүүтэй манай хотод бродюр солих нь нэн чухал тулгамдаад байгаа асуудал гэж шийдвэр гаргагчид үзжээ. МАН-ын эрх баригч дарга нар нийслэлд эвдэрхий замтай, хүүхдүүд тоглоомын талбайгүй байхад бродюраа Хятадаас машин машинаар нь зөөсөөр л байна.