Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2-р тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Чимэддоржийн Батзориг өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооноос нэр дэвшигчийн батламжлаа гардан авлаа.
Ч.Батзориг нь төрийн албанд 12 жил үүнээс олон улсын төсөл хэрэгжүүлэх байгууллагад 5 жил ажилласан арвин туршлагатай инженер, эрх зүйч мэргэжилтэй нэгэн.
Сүүлийн жилүүдэд нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр ажиллаж, хотын томоохон төсөл, хөтөлбөрийг төлөвлөх эрэмбэлэхээс эхлээд хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих уялдаа холбоог хангахад анхаарч ажиллаж байна.
Нэр дэвшигч Ч.Батзориг хэлэхдээ, “ Баянзүрх дүүргийн хувьд нийслэлийн иргэдийн гуравны нэг буюу дийлэнх хувь нь харьялагддаг том дүүрэг.
Төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүрэгт “Сэлбэ сэргэлт” томоохон төслийг хэрэгжүүлж, гол дагуу үерийн далан сувгийг шинэчлэх, инженерийн байгууламжийг хонгилын системд шилжүүлэх, явган болон дугуй замын гүүрэн байгууламжуудыг байгуулах, нийтийн тээврийн сүлжээг бий болгох юм.
Төсөл хэрэгжсэнээр голын урсацыг дэмжих, хөрсний усны шүүрэл, нэвчилтийн асуудлыг шийдвэрлэх зэрэг тулгарч буй асуудлыг цогцоор нь шийднэ” гэдгээ онцоллоо.
Мөн Дарь эх бүсэд байгалийн хийгээр ажиллах тархмал эх үүсвэртэй бие даасан дулааны эх үүсвэрийг барьж байгуулах мөрийн хөтөлбөрт тусгасан.
Үүнээс гадна 25, 26 дугаар хорооны дулаан хангамжийн эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх даралт өргөх насос станцыг барих, “бетонон ширэнгэ” гэгддэг Баянзүрх дүүргийн 25, 26, 45 дугаар хорооны явган болон дугуй замыг жишиг хэлбэрээр дахин төлөвлөж нийтийн эзэмшлийн гудамж замын зохион байгуулалтыг иргэдэд ээлтэй хэлбэрт шилжүүлэх зэрэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр суурь судалгаа, тооцооллыг хийж байна гэлээ.