“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн ойлголт, удирдлага” сэдэвт цуврал сургалтыг есдүгээр сарын 25, 26-нд зохион байгууллаа.
Уг сургалтыг НЗДТГ, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК болон Нийтийн, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх төв НҮТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн харьяа агентлагуудын 130 гаруй албан хаагч оролцсон юм.
Сургалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшил, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Н.Баярчимэг “Төсөл санаачлагчдын хувьд шаардлага хангахуйц төслийн санал хүргүүлэхгүй байна.
Мөн нийслэлийн харьяа байгууллагуудын уялдаа холбоо дутмаг, төслийн саналыг үнэлж, эрэмбэлэх, төрөл тодорхойлох зах зээлийн бэлэн байдлын судалгааг хангалттай хийхгүй байгаагаас үүдэн уг сургалтыг зохион байгуулж буй.
Энэ хүрээнд төсөл санаачлагчдад төслийн саналын иж бүрдэл болон тооцоо судалгааг хэрхэн хийх талаарх цогц ойлголтыг хүргэлээ.
Түүнчлэн цаашид төрийн зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр баримталж буй бодлогоо урт хугацаанд тууштай хадгалах, хувийн хэвшилд чиглэсэн татварын болон бусад хөнгөлөлт урамшууллын механизм бий болгох хэрэгтэй” гэдгийг онцоллоо.
Сургалтын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Улаанбаатар хотын туршлага, төслийн эдийн засгийн үр ашгийн талаар ойлголт өгөхийн сацуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн шаардлага, төслийг сонгон шалгаруулах, үнэлгээ хийх, техник эдийн засгийн үнэлгээ хийх, хэлэлцээр хийх, гэрээ байгуулах, төсөл хэрэгжүүлэх бүтээн байгуулалт хийх, гэрээний хэрэгжилтийг хянах, буцаах (hand-back) зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр тус хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг таниулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн ойлголтыг нэгтгэх, хэрэгжүүлэх төслийг тодорхойлох, нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагчдын мэдлэг, чадавхыг дээшлүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгууллаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС