Орон нутгийн ээлжит сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Энэ удаагийн сонгуулиар 8,031 мандатын төлөө 17 мянга гаруй хүн өрсөлдөхөөр байгаа бөгөөд үүнээс НИТХ-ын 45 мандатын төлөө гол 3 намаас нийт 133 нэр дэвшигчид өрсөлдөхөө зарлаад буй.
Тэд ямар хүмүүсийг, ямар үндэслэлээр нэр дэвшүүлсэнтэй танилцацгаая.
ХҮН намаас НИТХ-ын сонгуульд хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн мэргэжилтнүүд, архитекторууд, хотын дизайн, төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг нэр дэвшүүлж буйгаа зарласан. Тус нам нь өнгөрсөн хугацаанд том, жижиг 5 сонгуульд оролцож байсан түүхтэй нам хэдий ч боловсрол, туршлага, мэргэшсэн байдлаар нь нэр дэвшигчдэдээ тодруулдгаараа бусдаасаа онцлог.
ХҮН намын нэр дэвшигчдээс онцлоход
-
Ц.Энхбат – Баянзүрх дүүрэгт өрсөлдөж байгаа тэр бээр дэлхийн ТОП 100 их сургуулийн нэг болох Америкийн Пурдьюийн их сургууль нэмээд 2 ч оронд боловсрол эзэмшсэн буюу 3 орны боловсролтой нэгэн. Уг үзүүлэлтээрээ НИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн боловсролын чансааг өнгөлж буй.
-
Түүний хувьд ХААН Банк ХК-ийн Цахим борлуулалтын газрын захирлаар ажиллаж байсан туршлагатай аж.
Монгол Ардын нам (МАН) НИТХ-ын ээлжит сонгуульд 45 хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд тус намын жагсаалтыг салбартаа танигдсан хэд хэдэн эрхмүүд өнгөлсөн харагдав. Тухайлбал, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтын жагсаж байсан Харвардын гэх тодотголтой Б.Дөлгөөн, МХБ-ийн Гүйцэтгэх захирал асан Х.Алтай, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мандуул тэргүүтэй бизнесийн салбарын эрхмүүд олны анхаарлыг татаад буй. Цаашлаад, Баянзүрх, Баянгол тэргүүтэй дүүргүүдийн засаг дарга нар ч НИТХ-ын сонгуульд тус намаас өрсөлдөж байна.
МАН-ын нэр дэвшигчдээс онцлоход
-
Б.Дөлгөөн – Тэр бээр саяны УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын 25-рт бичигдэж байсан нэгэн. Харамсалтай нь түүний яг урдуур жагсаалт таслагдаж байв. Харвардын их сургуулийн төгсөгч гэх тодотголтой тэр бээр Сүхбаатар дүүрэгт нэр дэвшжээ.
Ардчилсан нам (АН)-ын тухайд хотын засаглал, хотын асуудлууд дээр ажиллаж байсан инженер, бизнесийн төлөөллөөс багаа бүрдүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Гэсэн хэдий ч нэр дэвшүүлсэн эрхмүүдээс боловсролоор нь жагсааж болох гарын 5 хуруунд багтах хүмүүс л байсан бөгөөд тус намын нэр дэвшигчдийг боловсрол, туршлагаар нь онцлохоос илүүтэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамгийн дуулиан шуугиантай гэх ангиллаар ангилбал овоо урт жагсаалт гарахаар харагдаж байв.
АН-ын нэр дэвшигчдээс онцлоход
-
Бодь Даатгал ХК-ийн шинэхэн ТУЗ-ийн дарга Б.Билэгт – Швейцар, Европын Холбооны бизнесийн сургуулийг төгссөн тэрээр Хан-Уул дүүрэгт дэвшээд буй. Түүний хувьд 2020 оны НИТХ-ын сонгуульд одоогийн дүүрэгтээ хүч үзэж байсан нэгэн билээ.
НИТХ болон орон нутгийн сонгууль бол та бидний амьдарч буй орчин, өдөр тутмын асуудлыг шийдэх төлөөллөө сонгох сонгууль юм шүү. Ядаж боловсролтой, сонгогдож буй албандаа мэдлэг туршлагатай хүмүүс сонгогдвол хот маань хөгжих юм сан. Сонгогч таны сонголт Улаанбаатар хотын ирэх 4 жилийн өнгийг тодорхойлох тул сонголтоо сайн судалж байж гаргаарай.
Эх сурвалж: Нам тус бүрийн вэбсайт, Times Higher Education
Enkhbatiig demjnee, ih tusch zaluu gdgeer n mednee