“Тогтвортой хөгжлийн зорилт 4-ийн төлөө бид хамтдаа” аяны хүрээнд Монгол Улс болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд дахь “Чанартай боловсролыг дэмжих” зорилгын хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, цаашид эрчимжүүлэх, онцгойлон анхаарах асуудлуудыг тодорхойллоо.
Хэлэлцүүлэгт Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, холбогдох төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, багш, мэргэжилтэн, судлаачдаас гадна Монголын хүүхдийн зөвлөлийн төлөөлөл оролцож, хүүхэд залуусын хэлэлцүүлгээс гарсан санал, үр дүнг хуваалцав.
Оролцогчид чанартай боловсролыг дэмжихийн тулд хэн, юу хийх, хаанаас, ямар дэмжлэг шаардлагатай талаар хэлэлцэж, 2030 он гэхэд хүүхэд бүрийг тэгш, чанартай боловсролд хамруулсан байхын тулд эцэг эх, асран хамгаалагчид идэвх санаачилга гаргах, хүний эрх, жендерийн мэдрэмжтэй боловсролын байгууллагыг бэхжүүлэх, бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх байгууллагууд сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд анхаарах зэрэг нийгмийн бүх талын оролцоог онцолсон саналуудыг дэвшүүлж, нэгтгэлээ.
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Тогтвортой хөгжлийн зорилт 4-ийг сурталчлах, хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилгоор энэ сард олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж буйн нэг нь энэхүү бодлогын хэлэлцүүлэг юм.
Эx Сурвалж: Боловсролын Яам