НЗДТГ болон Азийн сан хооронд “Азийн тэсвэртэй хотууд” төслийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор нар гарын үсэг зурав.
Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар Улаанбаатар хот “Азийн тэсвэртэй хотууд” төсөл хэрэгжих тав дахь хот болж буй. Мөн дараах үндсэн гурван чиглэлд хамтран ажиллана.
Тодруулбал:
-
Үйл ажиллагааны чиглэл 1: Төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, хот төлөвлөлттэй холбоотой үйл явцыг дахин загварчлах замаар хот төлөвлөлтийг сайжруулах;
-
Үйл ажиллагааны чиглэл 2: Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлэх замаар хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах;
-
Үйл ажиллагааны чиглэл 3: Гамшгийн эрсдэлийн менежмент болон байгаль орчны тогтвортой байдлыг бэхжүүлэх замаар боловсрол, технологи, олон нийтийн оролцоог дээшлүүлэх чухал ач холбогдолтой.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр төслийн санхүүжүүлэгч АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг, төслийн хэрэгжүүлэгч Жэй Эс Ай сургалт, судалгааны хүрээлэн болон Азийн санд талархал илэрхийлэн “Азийн тэсвэртэй хотууд” төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэлийн төрийн захиргааны албан хаагчид, иргэд, олон улсын байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөллүүдтэй хамтран тодорхойлсон нь бусад төслөөс онцлог боллоо.
НЗДТГ нь Азийн сантай хамтран 10 гаруй жил олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ажилласныг дурдахад таатай байна. Энэ удаагийн төсөл нь бидний хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Түүнчлэн энэхүү төсөл нь 2027 оны дөрөвдүгээр сар хүртэл хэрэгжих ба төслийг амжилттай хэрэгжүүлэхэд талуудын хамтын оролцоо чухал үүрэг гүйцэтгэх тул нийслэлийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС