Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар 20 нас хүрлээ
Өнгөрөгч Ням гараг буюу 9 дүгээр сарын 22-ний өдөр нэгэн онцгой баяр болсон нь Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын 20 жилийн ойн баярын өдөр тохиосон явдал юм.
2004 оноос хойш ТХГБДСангийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Хүүхэд, тэдний гэр бүлийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан болон нийгэмд тулгамдаж буй асуудлууд руу чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, нийгмийн салбарт хүчин зүтгэсэн 20 жилийн ойн баяраа Үндэсний Соёл амралтын хүрээлэнд ёслол төгөлдөр, хүүхдүүдийн инээд хөөр дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.
20 жилийн ойн баярт хүндэт зочид төлөөлөгчид, хамтран ажиллагч байгууллагууд болон тус сангаас үйлчилгээ авдаг айл өрхийн хүүхдүүд, асран хамгаалагч нар уригдан ирсэн бөгөөд баяр дээр баяр нэмж Тайваний хүүхдийн төв сангийн ТУЗ-ын нарийн бичгийн дарга ноён Лиу Бан Фү, ТУЗ-ын гишүүн хатагтай Жэн Ли жэн, Төв сангийн Гүйцэтгэх захирал ноён Жөү Да Яао, Олон улсын салбар хариуцсан хэлтсийн дарга ноён Цай Чин Мин тэргүүтэй зочид тусгайлан Mонгол улсад хүрэлцэн ирж, баярын үйл ажиллагаанд оролцсон нь Монгол дахь төлөөлөгчийн газарт үзүүлж буй томоохон хүндэтгэл байлаа.
Мөн түүнчлэн Улаанбаатар хот дах Тайпэйн эдийн засаг худалдааны төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ван Кай Еөү, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нар хүрэлцэн ирлээ.
Тайваний хүүхдийн төв сангийн ТУЗ-ын нарийн бичгийн дарга ноён Лиу Бан Фү хэлсэн үгэндээ: Хэрэгцээ шаардлага хаана байна, тэнд Тайваний Хүүхдийн Сан байх болно гэсэн уриан дор Монгол улсад 20 жилийн туршид тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, сурч хөгжих олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, энэ хугацаанд олон олон байгууллага, хүмүүстэй хамтран ажиллаж өнөөдөр баярын өдрөө тэмдэглэж байгаад туйлын баяртай байна.
Манай сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар бол анхны гадаад дахь салбар бөгөөд өдгөө 25,000 орчим хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн байна.
Цаашдаа ч олон бяцхан багачууд хүүхдүүдэд хүрч ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа хэлэхдээ: Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Олон улсын байгууллагууд дунд гэр бүл, хүүхдэдээ бодитойгоор хүрч ажилладаг олон байгууллагын нэг нь яахын аргагүй Тайваний Хүүхдийн Сан гэдгийг манай яам болон тус сантай хамтран ажиллаж байсан олон жишээнээс харах боломжтой. Тус сангийн нийт хамт олонд Монголын олон мянган гэр бүл, хүүхдүүд болон Монгол Улсын Засгийн Газар болон яамныхаа нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлэн, 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье, гэлээ.
Улаанбаатар хот дахь Тайпэйн эдийн засаг худалдааны төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ван Кай Еөү мөн бидний үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, Монгол улс болон Тайвань нь олон жилийн турш сайн харилцаатай, хамтын ажиллагаатай байдаг бөгөөд Монгол улсын хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж байгаадаа баяртай байдаг.
Ирээдүйд ТХГБДСангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дараагийн 20 жилийг та бүхэнтэй дахин тэмдэглэх сайхан ерөөлийг дэвшүүлсэн юм.
Арга хэмжээний туршид тус сангаас хэрэгжүүлдэг “Авьяаслаг хүүхдийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдан өөрийн авьяас билгээ хөгжүүлж буй 109 хүүхэд энэ өдрийн арга хэмжээнд урлагийн тоглолт үзүүлж, хүндэт зочид болон үзэгчдийн нүдийг баясгаж, сонорыг мялаалаа.
Ойн баярын хүрээнд Хүүхдийн паркт 30 орчим асар байрлуулан, хүүхдүүд гэр бүлтэйгээ хамт хөгжөөнт тоглоом тоглон, танин мэдэхүй сургалт сурталчилгааны хэсгээс өөрт хэрэгтэй мэдээллүүдийг авч, тус сангийн өнгөрсөн хугацаанд хийсэн төсөл хөтөлбөрийн мэдээлэлтэй танилцах зэрэг олон сонирхолтой зүйлс хийж, гэр бүлийн гишүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлснээс гадна ирсэн 1500 хүүхдэд Хүүхдийн паркт тоглох тоглоомын эрхийг бэлэглэсэн нь багачууд хүүхдүүдэд гэнэтийн бэлэг боллоо.
Хүүхэд бол улс орны ирээдүй байдаг учраас тус сангийн хамт олон хүүхдийг хөгжүүлэх, дэмжих, хамгаалах чиглэлд ирээдүйд, ирэх олон арван жилүүдэд ч зорьсон зорилгоосоо буцахгүйгээр амжилттай ажиллах бөгөөд ийнхүү Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар дуу хууртай, баяр хөөртэйгөөр 20 нас хүрлээ.