“Сэлбэ дэд төв” бол гэр хорооллыг орон сууцжуулахад түшиглэсэн төсөл бөгөөд нийтдээ 158 га газрыг хамарч, 12 мянган айлын орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгэм, соёлын барилга байгууламж цогцоор баригдана.
Төслийн хүрээнд нийт 2206 айлын газрыг чөлөөлөхөөс одоогоор 1500 айлынхыг чөлөөлж, “Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан.
Гэрээт ажлын хүрээнд эхний ээлжийн барилгажилтын төсөл болох Чингэлтэй дүүрэг дэх 13 га, Сүхбаатар дүүрэг дэх 10 га, газрын төлөвлөлтийг батлуулж, “20 минутын хот” бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо.
Товчхондоо гэр хорооллыг орон сууцжуулах төсөл анх удаа бодит ажил хэрэг болж буй нь энэ. Урьд өмнө ижил төстэй санаачилгууд гарсан ч иргэд сэтгэл хангалуун газраа чөлөөлж, ажил ийм хурдацтай явж байгаагүй. Энэ утгаар “Сэлбэ дэд төв” төсөл хэрэгжсэнээр гэр хороолол үгүй болж, оронд нь цогц орон сууцны хороолол баригдах нь тодорхой болоод байна. Үүний дийлэнх хэсэг нь Чингэлтэй дүүргийг хамарч буйгаараа тун олзуурхууштай.
Чингэлтэй дүүргийн 14-18 хороодын 2500 өрх дахин төлөвлөгдөнө
30 жилийн түүхтэй Чингэлтэй дүүрэг 24 хороотой. Үүнээс 6 хороо нь орон сууцны, 18 хороо нь гэр хороолол. Үүнээс “Сэлбэ дэд төв” төсөлд Чингэлтэй дүүргийн 14-18 дугаар хороодод гэр хорооллын дахин төлөвлөлт, хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээнд холбох ажлын загвар төсөл гарч, ажил ид өрнөж байна.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа энэ ажлыг санаачлан хэрэгжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлт, мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэсэгчилсэн инженерийн шугамтай хослуулан хийх асуудлыг нийслэлийн 2022 оны төсвийн төсөвт зураг, ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээг суулгасан юм.
Ингэхдээ Нийслэлийн Орон сууцны бодлогын газартай хамтарч иргэдээсээ санал авахад 2500 өрхийн иргэдийн 52 хувь нь дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа орон сууцаар солихыг хүссэн.
Харин үлдсэн 48 хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдох буюу одоо байгаа газар дээрээ хаус хороолол бариулах сонголт хийсэн. Зөвхөн сонгож байна гээд орхичхоогүй иргэн нэг бүртэй биечлэн уулзаж, загвар төслийг боловсруулж, зөвшилцсөн.
Чингэлтэй дүүргийн 12-19 хороо буюу нийтдээ 58 мянган сонгогчдыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-д төлөөлж буй Л.Ариунтуяаг эл төслийн нэрийн хуудас гэж нэрлэж болно.
Тэрбээр тус дүүргийн 14-р хорооны засаг даргаас төрийн ажлын гараагаа эхэлж, 2016 оноос ИТХ-ын төлөөлөгч, засаг даргаар ажиллаж байгаад сүүлийн дөрвөн жилд нийслэлд иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдон ажиллаж байгаа.
Хорооны ажлаас хотын төлөөлөгч хүртэл ажилласан Л.Ариунтуяа гэр хорооллын амьдралыг бүхнээс илүү сайн мэднэ, мэдэрнэ.
Тэр ч утгаараа суугуул дүүргээ сууцжуулах, иргэдээ ая тухтай амьдрахад анхаарлаа хандуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэсэгчилсэн инженерийн шугамтай хослуулан хийх өнөөдөр газар чөлөөлөлт 76 хувьтайгаар үргэлжилж, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13 га талбайд баригдах барилга угсралтын ажлын тендерийг зарлаад байна.
Өөрөөр хэлбэл, газраа байраар солих иргэдийн ажил 76 хувьтай урагшилж, инженерийн дэд бүтцэд холбогдох буюу одоо байгаа газар дээрээ хаус хороолол бариулах сонголт хийсэн иргэдийн асуудал 13 га талбайд бодит төсөл болохоор тендер зарлагджээ.
Ирэх оноос тэрбээр бусад холбогдох ажлуудыг төсөвт суулгаж, иргэдийнхээ хүсэлтийн дагуу зөв хувиарлалттай ажиллахаар тооцоолж буй.
Чингэлтэй дүүргийг гэр хороолол руугаа төвлөрүүлнэ
Эцэст нь тэмдэглэхэд, НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяагийн ажил амьдралын бүхий л түүх Чингэлтэй дүүрэгтэй холбоотой. Иргэдийн төлөөлөгчийн хувьд Чингэлтэй дүүргийг гэр хороолол руугаа төвлөрүүлье гэсэн зорилттой.
Зорилгынхоо хүрээнд дуу хоолой, сэтгэл зүтгэл, гар биеэ оролцуулж чамгүйг бас амжуулсан.
Жишээлэхэд, Чингэлтэй дүүргийн төвийг иргэддээ ойртуулж Дэнжийн мянгад барихаар төлөвлөж, газар чөлөөлөлтийг хийсэн, энэ жилээс тэндер зарлана.
Чингэлтэй дүүргийг стандартын нэгдсэн эмнэлэгтэй болгохоор 2,8 га газрыг дүүргийн хөрөнгөөр газрыг чөлөөлж Азийн хөгжлийн банкын санхүүжилтээр бүрэн барьж ашиглалтад бүрэн оруулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.
Энэ мэтээр дурьдвал иргэдэд боломж олгосон, амьдралын чанарыг дээшлүүлсэн, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж хүртээмж өгөөжтэй болгох олон ажил өрнөж, төлөвлөгдөж байна.
Энэ бүхнээс онцлоход, Чингэлтэйн Л.Ариунтуяа нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын үед дахин төлөвлөлтийг санаачилж, зураг төсөл, ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээний төсвийг төсөвт суулгасан. Улмаар Х.Нямбаатар даргын үед “Хорин минутын 20” төсөлд уг санаачилгаа “уяж” ажлаа өрнүүлж байна.