НИТХ-ын ээлжит XXIII хуралдаан өнөөдөр болж байна.
Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох талаар танилцууллаа.
Танилцуулгад “Нийслэл хотын хүн ам өсөхийн хэрээр барилгажилт, нягтрал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа өнөө үед нийслэлийн гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна. Өнгөрсөн онд нийслэлийн 8 дүүрэгт гарааш чөлөөлж, газрын зөрчил арилгах арга хэмжээ авсан бол 21 байршилд 5.2 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосон.
Тухайлбал, 2 байршилд хүүхдийн тоглоомын талбай, 6 байршилд тохижилт бүхий ногоон байгууламж, 13 байршилд авто машины зогсоолын тохижилт хийнэ” гэсэн саналыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр дурдсан юм.
Ийнхүү НИТХ-ын хуралдаанаар нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг 83.3 хувийн саналаар дэмжиж, баталснаар нийслэлд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто машины зогсоолын тохижилт хийх 21 байршилд газрын асуудлыг шийдлээ.
Тухайлбал, Баянгол дүүрэгт 16 байршилд нийт 2.71 га, Баянзүрх дүүрэгт 1 байршилд 0.42 га, Сонгинохайрхан дүүргийн 4 байршилд 2.06 га газрыг тус тус шийдвэрлэв. 2019 оноос хойш нийслэлийн хэмжээнд нийт 287 байршлын 293.56 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгээд байна.
Цаашид нийтийн эдэлбэр газруудад дараах арга хэмжээг авахаар төлөвлөжээ.
-
Нэгдүгээрт, нийтийн эдэлбэр газрыг зориулалтын дагуу хот төлөвлөлт, газрын менежментийн бодлогоор хөгжүүлж, ашиглалт, хамгаалалт тохижуулалтын асуудлыг шийдвэрлүүлэх саналыг холбогдох байгууллагад хүргүүлнэ.
-
Хоёрдугаарт, нийтийн эдэлбэр газарт хийж буй ажлуудыг иргэд, олон нийтэд нээлттэй болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүр сурталчилна.
-
Гуравдугаарт, нийтийн эдэлбэр газрын тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг цаашид шат дараатайгаар авч хэрэгжүүлэх юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС