Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Механик инженерийн сургуулийн хойно ус ихээр тогтдог байршилд авто замын борооны ус зайлуулах 170 метр шугам хоолойн угсралтын ажлыг хийж байна.
Угсралтын ажлыг энэ сарын 22-нд дуусгах юм. Уг ажлын явцын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Механик инженерийн сургуулийн хойд хэсэгт ус ихээр тогтдог байршилд ус зайлуулах шугам хоолойгүй байсан. Нийслэлийн зүгээс 2024 онд нийт 15 байршилд шугам хоолойн ажил хийж гүйцэтгэхийг үүрэг болгосны дагуу 14 дэх байршилд ажлыг ийнхүү гүйцэтгэж байна. Нийт 170 орчим метр шугам хоолой угсарна. Харин Дунд гол руу гаргалгааг гаргахаар зураг төслийг бүрэн дуусаж, ажлыг энэ сарын 17-ноос эхэлсэн.
Ажлыг тав хоногт хийж дуусахаар төлөвлөсөн. Ажил гүйцэтгэх үед нэг бэрхшээл байна. Цахим орчинд ташаа мэдээлэл түгээснээс болж иргэдийн зүгээс ажлыг ойлгохгүй байх, ажилчдыг хэл амаар доромжлох асуудал гарч байна.
Жишээлбэл, Яармаг орчимд лагийг цэвэрлэх ажил хийх ёсгүй. Яагаад гэвэл лагийг гаргаж хаяснаараа замыг муухай болгож байна гэсэн асуудлыг олон нийтийн сүлжээнд ярьсан нь зарим иргэдэд замын ажлыг сөргөөр харуулах, ажил хийж байгаа хүмүүсийг доромжлох нөхцөлийг үүсгэсэн. Тиймээс иргэд та бүхэн баттай эх сурвалжаас мэдээлэл авч, бидний ажлыг дэмжээрэй. Энэ байршилд хийж буй борооны усны шугам нь нэг метр 25 см өндөр, шугам хийсэн хэсэгт лагаа тунгааж, лаг тунгаасан хэсгээс ус урсах зориулалттай.
Тунасан лагийг бид жил бүр тогтмол цэвэрлэдэг. Манай байгууллагын эзэмшил, ашиглалтад нийт 8000 орчим худаг байдаг. Үүнийг бид байнга цэвэрлэж шугамын ажиллагаанд саад учруулахааргүй болгодог” хэмээн тайлбарласан юм.
Б.Бямбасайхан: Нарны гүүрний урд үерээс хамгаалах шугам хоолойн ажлыг хийнэ
Борооны ус зайлуулах шугам хоолой барих дараагийн байршил болох Энхтайвны гүүрний доод талын “Наран” хотхоны орчимд шугам хоолойн ажил хийснээр энэ жилийн төлөвлөгөөт ажлууд бүрэн дуусах юм. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын үүрэг болгосны дагуу шугам хоолойн төлөвлөгөөт ажлаас гадна ус ихээр тогтдог, хүнд нөхцөл байдалтай байршил болох
Нарны гүүрний урд талын байршилд шугам хоолойн ажлыг хийхээр болсон. Тус байршлын ажлын зураг төслийг хийсэн, магадлалаар орсон. Иймээс маргааш буюу энэ сарын 19-нд улаан шугам тавьж, ажлыг эхэлнэ.
Мөн Энхтайвны гүүр болон Төмөр замын вокзал орчимд том шугам тавих ажлуудыг гүйцэтгэж дууссанаар ирэх зун нийслэл хотыг үерийн аюулаас хамгаалж чадах юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС