2024 оны хичээлийн шинэ жил эхлэхээс сар гаруйн өмнө боловсролын яамнаас 4200 багшийн хомсдол үүссэн талаар мэдэгдсэн. Үүний шийдэл болгож өөр мэргэжлийн хүмүүсийг 45 хоног сургаж багшлах эрх олгох журмыг баталсан нь олны анхаарлыг татаад байна.
Боловсролын сайд П.Наранбаяр:Бид зүгээр гудамжинд явж байгаа хүмүүсийг багш болгох гээгүй
Уг асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр есдүгээр сарын 16-ны өдөр мэдээлэл өгсөн билээ. Тэрбээр “Бид зүгээр гудамжинд явж байгаа хүмүүсийг 45 хоногийн курсээр сургахгүй. Гадаад, дотоодын их дээд сургуулийг 2.7-оос дээш голчтой төгссөн багшлах хүсэлтэй хүмүүсийг англи хэл, физик, хими, математик, технологийн багшаар ажиллахыг урьж байгаа. Эдгээр хүмүүст үндсэн багшийн үнэмлэх олгохгүй. Багшлах эрхийг л олгож байна. Цаашдаа дөрвөөс таван жил ажиллаад үндсэн багшаар ажиллахыг хүссэн хүнд тусгай шаардлага тавина. Сургуулиудын удирдлагуудтай уулзахад багшийн хомсдолыг яаралтай шийдэж өгөхийг хүссэн. Өмнөх жилүүдэд багш нарыг сонгон шалгаруулж авдаг байсан бол одоо багшаар ажиллахаар ирсэн хүн болгоныг авдаг болсон” гэв.
Боловсролын яамны баталсан уг журам олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж талцал үүсгэсэн. Нэг хэсэг нь огтоос ийм зүйл байх ёсгүй багшийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь тухайн салбарын суурь мэдлэгтэй хүнд заах арга барилыг нь олгоод багшийн орон тоог нэмэх нь зөв гэж үзэж байна.
МУБИС төгсөгчдийн гуравны нэг нь л ЕБС-д багшилдаг
МУБИС-ийн хийсэн судалгаагаар нийт төгсөгчдийн гуравны нэг буюу 30 гаруй хувь нь л ерөнхий боловсролын сургуульд багшилдаг гэсэн дүн мэдээ гарсан байна. Тиймээс “гал унтраах” төдий шийдэл биш мэргэжлийн боловсон хүчнийг хэрхэн салбарт нь олноор татан оруулж ажиллуулах вэ? гэдэгт анхаарах ёстой гэж багш мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Үүнээс гадна урт хугацаандаа ямар үр дагавар гарах вэ? гэдгийг тооцоолох хэрэгтэй гэж үзэж байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЕБ-ын 2-р сургуулийн математикийн багш: Ж.Жигмэддорж
-Та багш хүний хувьд боловсролын яамнаас гаргасан шийдвэрийг урт хугацаандаа ямар үр нөлөө үзүүлнэ гэж харж байна вэ?
-Энэ шийдвэр урт хугацаандаа боловсролын чанарыг улам л муутгах болов уу гэж харж байгаа. Яагаад гэвэл манай салбарын цалин хангамж муу. Мэргэшсэн салбартаа мэргэжлээрээ ажиллаад явж байгаа чадварлаг хүн мэргэжлээ өөрчлөөд багш болно гээд ирэхгүй нь ойлгомжтой. Чадвараараа салбартаа гологдсон хүмүүс л боломжийг ашиглаж багш болохоор ирэх болов уу. Миний эргэн тойронд багш мэргэжлээр төгссөн ч цалин өндөртэйг нь бодоод солонгост ажилладаг, жолоо барьдаг гэх мэтчилэн өөр салбарт ажиллаж байгаа олон хүн бий.Тэдгээр хүмүүсийг яаж салбар луу нь эргэн татах вэ гэдэг дээр анхаарч бодлого боловсруулбал л үр дүнд хүрнэ гэж бодож байна даа.
Математикч, химич хүмүүс мэргэжлээр нь ажлын байр хомс тул багшаар ажилладаг
Багшлах эрх олгох журмыг эергээр харж дэмжиж байгаа хүмүүс ч цөөнгүй байгаа бөгөөд багш нарын хүртээмжийг нэмэгдүүлэх хамгийн богино хугацааны шийдэл гэж үзэж байлаа. Үүнээс гадна боловсролын яамнаас журам гаргаж баталснаар олны анхааралд хүрснээс биш ойролцоо мэргэжлийн хүн тус чиглэлээрээ багшлах нь хэвийн үзэгдэл гэв.
З.Даваажаргал: Боловсрол судлаач, “Шинэ санаа боловсрол ахлах сургууль”-ийн үүсгэн байгуулагч
-Боловсролын яамнаас 45 хоногийн сургалтаар багшлах эрх олгох тухай журмыг баталсан. Та мэргэжлийн хүний хувьд ямар өнцгөөс харж байна?
– Багш нар дөрвөн жил сурч төгсөөд ажлын байран дээр гарч байж л сая нэг заах арга барилаа олж авдаг. Тиймээс өөрөө академик түвшний мэдлэг сайтай хүн 45 хоногийн хугацаанд багш мэргэжлийн болон сургалтын хөтөлбөрийн талаар ойлголттой болох боломжтой. Харин заах арга барилыг практик дээр суурилан сурна. Миний мэдэхээр математикч хүмүүс математикийн багш, химич, биотехнологич хүн химийн багш хийгээд явж байгаа олон жишээ бий. Хамгийн түргэн хугацаанд шийдвэрлэх арга мөн л гэж хувьдаа харж байгаа.
Энэ мэтээр иргэд, багш нар, боловсрол судлаачид өөр өөрийн байр сууриа илэрхийлж байна. Хэдий тэдний үзэл бодол өөр ч яриа бүхний цаана давтагдаж буй нэг агуулга байгаа нь “Энэ бол бодлого биш зөвхөн богино хугацааны шийдэл. Багшийн тухайд баримтлах дунд болон урт хугацааны бодлого хэрэгтэй байна ” гэсэн шаардлага байлаа.