– Монголд анхны гоо зүйн хиймэл эд эрхтний лаборатори нээгдсэнийг хүмүүс сонирхож буй боловч яг ямар үйл ажиллагаа явуулах талаар ойлголт дутуу байна. Шууд л гар хөл хийлгэж судас шөрмөсөө холбуулж болно хэмээн ойлгосон хүмүүст нарийн хувьд мэдээлэл өгнө үү?
– ГССҮТ-д жилд 120-150 хүн ямар нэг шалтгааны улмаас гар хөлөө тайруулдаг гэсэн судалгаа байна. Гэтэл тухайн хүмүүст протезын талаарх мэдлэг мэдээлэл хомс байдаг. Зарим нь өөрийн эрхтэн дутуугаасаа болж нийгэмд гадуурхагддаг тухайгаа ч хэлдэг. Тэгвэл түүнийг орлуулах, гоо зүйн талаасаа тухайн хүнд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор эд эрхтнээ тайруулсан хүмүүсийн асуудлыг шийдэх боломжтой болж буй юм. Нэг ёсондоо гартай хөлтэй чихтэй болно л гэсэн үг.
-Одоогоор хэдэн хүнийг эд эрхтэнтэй болгосон бэ. Хийлгэсэн хүмүүсийн сэтгэгдэл ямар байна?
– Би 50 гаруй хүнийг эд эрхтэнтэй болгосон. Эдгээр хүмүүс дотор тохойноос урагш тайралттай бага насны хүүд гар хийж өгсөн болоод дунд ядам хуруу нь байхгүй нэгэн бяцхан охинд хуруу хийж өгсөн явдал маань мартагдахын аргагүй. Тэр хүүхдүүд ямар их баяртай, аз жаргалтай байсан гэж санана. Тэднийг тэгж их баярлаж байхыг харах надад үнэхээр таатай санагдсан. Ер нь л хүмүүс ам сайтай байдаг юм.
-Эд эрхтэн хийлгэнэ гэхээр судас шөрмөс холбоод яг л үйл хөдлөл хийдэг жинхэнэ биеийн нэг хэсэг болно гэж ойлгосон хүмүүс олон. Уг нь энэ асуултыг эхэнд асуусан боловч бүрэн дүүрэн хариулт аваагүй санагдана?
-Нэгдүгээрт би эмч биш учир судас шөрмөс холбох боломжгүй. Гоо зүй, харагдах талаасаа л гар, хөлтэй болгож байна гэсэн үг. Хөдөлдөг, үйл хөдлөл хийдэг болгоно гэдэг чинь өөр ойлголт шүү дээ. Үүнийг уншигчид ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ хурууны үеүдэд төмөр хийдэг учир базах барих гэх мэт хөдөлгөөн хийх боломжтой.
-Гоо зүй талаасаа гэхээр хүний гарын арьсны өнгө нь хүртэл адилхан байна гэж ойлгож болох уу?
-Протезыг тухайн хүний арьсны өнгөн дээр гэхэд л 7-8 өнгийг хольж, судасны өнгө, хурууны өндөгний улаан өнгө, алганы үндсэн суурь өнгө гэх мэтээр гаргадаг. Түүнээс гадна силикон болон акрилик хумсыг шигтгэдэг учраас эмэгтэйчүүд хумсаа будуулах, гоо зүйн талаас нь арчлах боломжтой.
-Хэдэн төрлийн эд эрхтэн хийж байгаа вэ?
-Одоогоор хүний хуруу, гар, хөл, чих, хамар зэрэг эд эрхтнийг түлхүү хийж байна.
-Эд эрхтэн хийхэд хэдий хэрийн хугацаа шаардах вэ?
-Маш нарийн төвөгтэй ажил шүү дээ. Гол нь хамгийн сүүлийн үеийн технологи дээр суурилж хийдэг гэдгийг дурдах хэрэгтэй байх. Нэг хуруу хийлээ гэж бодоход долоо хоног зарцуулна. Гоо зүйн талаасаа хүний эд эрхтэн орлох зүйл хийж байж яавч хурдан шуурхай чанаргүй юм хийж болохгүй. Харин гар, хөл зэрэг эд эрхтэн хийхэд сар гаруйн хугацаа зарцуулдаг.
-Нэг хуруу хийлгэлээ гэж бодоход үнэ ханш нь хэд болох вэ?
-Энэ талаар одоо мэдээлэл өгөх боломжгүй. Аль болох уян хатан байлгах талаас нь хичээж байна. Хэрэглэж буй бараа материалын үнэ зэргээс шалтгаална. Уг нь Солонгост протез хийлгэж буй иргэдэд улсаас нь 70-80 хувийг нь буцаан олгодог зохицуулалттай юм билээ. Манай улс ч гэсэн энэ асуудлыг шийдвэл зохилтой юм шиг санагддаг.
-Нээрээ л осол аваарт орж эд эрхтнээ тайруулсан хүмүүс гүн шокт ордог гэж сонссон. Энэ асуудлыг төрөөс анхааралдаа авах нь чухал байх?
-Тэгэлгүй яах вэ. Осол аваарт орж гар хөлөө тайруулсан иргэд гүн шокт ордог. Улмаар эмнэлгээс нь сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг гэсэн. Эл асуудалд анхаарлаа хандуулах нь зөв. Хууль эрх зүйн орчныг ч бүрдүүлэх хэрэгтэй байх.
-Ярилцсанд баярлалаа.