Rokitbay-ийн тоглолт болохоос хоёр хоногийн өмнө шүтдэг уран бүтээлчийнхээ нэр, зурагтай “Hoodie” худалдаж авах гэсэн боловч луйвардуулсан чат олны анхаарлыг татсан. Эл чатын эзэн, гэнэн итгэмтгий зан чанараараа олны анхаарлыг татсан залууг А.Тэмүүлэн гэдэг аж.
Дээрх үйл явдал болж өнгөрснөөс хойш тоглолтоо үзчихээд нутаг буцаж амжаагүй. Олон газраас холбогдож түүнд малгайтай цамц өгөхөөр болсон талаар ярилаа. Түүний хувьд “Hoodie”-ээс гадна тухайн тоглолтын хоёр тасалбар авах гэсэн боловч мөн л хулхидуулсан байна.
Энэ тухайгаа ярихдаа “Би хүмүүсийг өөртэйгөө адилхан гэж бодож явдаг учраас л шууд мөнгөө шилжүүлсэн юм. Хүмүүсийг над шиг битгий хууртаасай гэсэндээ цахимд нийтэлсэн. Ингэж их газар авна гэж бодсонгүй” гэв.
БИЧЛЭГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ:
“Намайг луйвардсан хүн эмэгтэй хүн байсан”
-Бусдыг өөр шиг ээ санаж, итгэсэн эл бүтэлгүйтлийг зарим хүмүүс Rokitbay-ийн тогтолтын маркетинг гэж ойлгосон байна билээ. Үнэхээр болсон үйл явдал. Нэг эгч чат бичээд, “Эхлээд мөнгөө шилжүүлчих. Би Дархан руу унаанд тавьчихъя” гэсэн. Та ямар унаанд тавьсан бэ. Жолоочийнх нь дугаарыг өгөөч гэхэд “утасны дугаарыг нь аваагүй. Ямартай ч тавиад явуулсан.Чиний дугаарыг өгсөн. Залгаагүй юу” гэж асуусан.
Над руу хэн ч залгаагүй байтал хот руу тоглолт үзэхээр явах хугацаа болсон. “Өнөөдөртөө ирэхгүй бол дуус дуус” гэж бодож байгаа юм чинь. Гэтэл өнөөх эмэгтэй орой нь намайг блоклосон. Арай ч тийм зүйл хийх хүн биш юм шиг санагдсан л даа. Хүн өөртэйгөө л адилхнаар хүлээж авч бодно шүү дээ. Хөөрхий минь мөнгөний хэрэг гараад үнэтэй цамцаа надад хямд зарах гэж байна гэж хүлээж авсан юм чинь. Үйл явдлын хувьд ийм л юм болсон.
-Та хувь хүний хувьд гэнэн цайлган, тийм юманд амархан итгэдэг хүн үү?
-Тийм ээ. Би маш итгэмтгий хүн. Гэхдээ дараа бусдад тийм амархан итгэхгүй байх аа. Цахимд орсон бүхэн үнэн биш. Тийм учраас болгоомжтой хандах хэрэгтэй. Яг үнэндээ хямдхан зүйл хулганын хавханд л байдаг шүү гэж хэлье. Хямдханыг нь бодож залилуулж байснаас үндсэн үнээр нь авч байгаарай.
-Тоглолт үзсэн сэтгэгдэл ямар байв. Хэдий хулхидуулсан ч гэсэн сэтгэлд нь хүрч чадсан уу?
-Би анх удаагаа Улаанбаатар хотод ирж тоглолт үзсэн явдал энэ байлаа. Үнэхээр тасархай мэдрэмж авсан.