Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийн томоохон төсөл болох их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн хүрээнд “Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум”-ыг “Маргаашийн өвийг хамтдаа бүтээцгээе” уриан дор өнөөдөр зохион байгууллаа.
Уг форумын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын мэндчилгээг уншиж танилцуулж, холбогдох албаны хүмүүс илтгэл хэлэлцүүллээ.
Хотын даргын мэндчилгээг уншиж танилцуулахдаа НЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050“, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөний дагуу хөндлөн чиглэлд их багтаамжийн тээврийн хэрэгсэл метро барих даалгаврыг Засгийн газраас үүрэг болгосон. Үүний дагуу метро барих ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
Тухайлбал, их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл барих төслийн зөвлөх үйлчилгээний тендерийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хоёр үе шаттай зохион байгууллаа.
Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр 11 улсын 20 компани саналаа ирүүлснээс Солонгос улсын “Духуа инженеринг” компани шалгарч, хамтран ажиллаж байна” хэмээв.
Мөн үеэр “Духуа инженеринг” компанийн Тээврийн салбарын Ерөнхий захирал Чон Су Дун “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй өсөн нэмэгдэхийн хэрээр хүн амын төвлөрлийг дагасан дэд бүтцийн асуудлууд гарах болсон.
Манай компанийн хувьд Улаанбаатар хотын метроны төслийн нэгдүгээр шугамын төслийг хэрэгжүүлэхийн сацуу Улаанбаатар хотын хөгжлийн төлөө мэдлэг, туршлагаа нэгтгэн хүчин чармайлт гаргана ажиллах болно” гэлээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл барих төслөөс гадна нийслэлийн 4 байршилд төмөр зам доогуурх нүхэн гарц барих, транзит тээврийн хөгжилд суурилсан олон төрөлт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна.
Тус форумын үр дүнд Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийн цаашдын чиг хандлага, тэргүүлэх чиглэл, төлөвлөж буй төслүүд, инновацийн болон технологийн шийдлүүдийг хэлэлцэж таниуллаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС