Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж, 8-10 цагийн цэцэрлэгт 4000, 24 цагийн цэцэрлэгт 5100 төгрөгөөр тогтоож, эцэг эх, асран хамгаалагч 1000 төгрөгийг хариуцна.
Энэхүү тогтоол нь нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих бөгөөд үүнд нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгийн 135 мянга гаруй хүүхэд хамрагдана.
Эцэг эх, асран хамгаалагчаас өдөрт 1000 төгрөг авахад сард 22000, жилд 190000 төгрөг зарцуулна.
Ингэснээр хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг төр, 25 хувийг эцэг эх хариуцна. Зорилтот бүлгийн буюу хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, босго шугамаас доогуур орлоготой өрхийн 50440 хүүхдийн хоолны зардлыг төр бүрэн хариуцна. Засгийн газрын тогтоолыг 2024 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.
Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хоолны орц, илчлэгийн хэмжээ, шим тэжээл болон хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтэй уялдуулан судалж, цаашид хүнсний хангамж, чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт даалгалаа.