Манай улсад XX зууны эхэн үе буюу 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй.
Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей “Монголын музей-100″ жил нэгдсэн чуулганыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2024 оны 09 сарын 05- 07-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү нэгдсэн чуулганд нийслэл хөдөө орон нутгийн музейн салбарын 300 гаруй төлөөлөгчид оролцож музейн салбарт гарсан ололт амжилт, ирээдүйн чиг хандлага хөгжил, тулгамдаж буй асуудлынхаа талаар хэлэлцсэн юм.
Чуулганы үеэр Монгол улс музейн сан хөмрөгийн хувьд баялаг үзмэрийг бий болгож чадсан. Музейн салбарын 100 жилийн түүхэнд гарсан томоохон ахиц дэвшил бол яахын аргагүй Чингис хаан Үндэсний музейн бүтээн байгуулалт юм. Монгол улс бүс нутагтаа төдийгүй дэлхийн өрсөлдөх хэмжээний сүлжээг бий болгохын төлөө цаашид зорин ажиллаж байгаа гэдгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн онцолж байлаа.
Чингис хаан Үндэсний музейгээс зохион байгуулсан нэгдсэн чуулганы хоёр дахь өдөр музейн нийт ажилтнуудын дунд “Бэсрэг наадам” зохион байгуулагдлаа.
Мөн олон улсын музейн өдрөөр ОУ-ын музейн сэдвийн дагуу боловсролын тусгай хөтөлбөр боловсруулан олон нийтэд таниулж, сурталчилж түгээн дэлгэрүүлсэн Дорнод, Хэнтий аймгийн музейн хамт олонд ОУ-ын музейн зөвлөлийн Монгол дахь Үндэсний хорооноос “Хүндэт өргөмжлөл” гардууллаа.
Эx Сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам