Боловсролын сайд П.Наранбаяр АНУ-ын Англи хэлний институт /ELI/-ын Монгол дахь салбарын захирал Крэг Портэлийг хүлээн авч уулзав.
Тус институт нь Боловсролын яамтай 28 жилийн турш хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд 700 гаруй мэргэшсэн багш болон заах арга зүйн мэргэжилтнүүд нь Монголд ирж, нийслэл болон орон нутагт англи хэлний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн юм.
Хамтын ажиллагааг улам батжуулж 2020 онд Боловсролын яам, АНУ-ын Англи хэлний институт хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
Одоогийн байдлаар 20 орчим багш Улаанбаатар, Дархан хот болон Завхан, Говь-Алтай аймагт ажиллаж, англи хэлний багш нарыг чадавхжуулах, заах арга зүй, ур чадварыг сайжруулах үйл ажиллагааг гүйцэтгэж байна.
Уулзалтын үеэр Крэг Портэл хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа яамны дэмжлэгийг хүсэж буйгаа илэрхийлэв.
Англи хэл сурахын ач холбогдлыг чухалчилж, бодлогын хэмжээнд авч үзэж байгаа тул хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг Боловсролын сайд хэллээ.
Түүнчлэн үйл ажиллагаагаа улам тэлж багш нарын тоог нэмэгдүүлэх, тэднийг хөдөө орон нутагт түлхүү ажиллуулахыг онцлон хүсэв.