ХЭҮК нь “Хүний эрхийн төлөө хамтдаа” арга хэмжээг 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн арга хэмжээг баруун, хангай, төв, зүүн бүсүүдэд хуваан 10сараас эхлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь шалгах, аймаг, сумдын засаг дарга болон бусад холбогдох байгууллагын удирдлагуудтай хүний эрхийн хэрэгжилтээр санал солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх, хүний эрхийн сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн талаар захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц мэдээлэл өглөө.
Хүний эрхийн үндэсний байгууллагын үйл ажиллагаанд иргэд олон нийтийг оролцохыг урьж мөн бүс нутгуудад тулгамдаж буй хүний эрхийн нөхцөл байдлыг тоймлон хүргэлээ.
Үүнд:
Хангайн бүс: Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, гэмт хэрэг зөрчил, охидын бэлгийн хүчирхийлэл, нэр хүндэд халдах, сурагчдын дотуур байрны нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрх зөрчигдөх зэрэг асуудал тулгамдаж байна.
Говийн бүс: Гэр бүл хүчирхийлэл, салалт, зам тээврийн хучилт, тээвэрлэлт, ажилгүйдэл, хүүхдийн эрх зөрчигдөх, зорилтот бүлгийн эрх хамгаалах асуудал тулгамдаж байгаа.
Төвийн бүс: Зорилтот бүлгийн эрхийн асуудал, төсөв хөрөнгө шийдвэрлэх, хүүхдийн эрх , хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх, асрамж халамжийн төвд хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа.
Баруун бүс: Эрүүл аюулгүй байдалд амьдрах эрх, гэмт хэрэг зөрчлийг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрх, өсвөр насны охидын жирэмслэлт төрөлт, зам тээврийн осол, амиа хорлолт их байгаа юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд тухайн бүс нутагт хүргүүлсэн шаардлага зөвлөмжийн хэрэгжилтийг шалгах, төрийн албан хаагчийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах гэх мэт арга хэмжээ хийнэ.