Цагдаагийн ерөнхий газраас “Хянамгай байя” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ.
Арга хэмжээны хүрээнд:
- Гэмт хэрэг илрүүлэх
- Эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг олж тогтоох
- Мөрдөн байцаагдаж байгаа хэргүүдийн шийдвэрлэлтийг ахиулах
- Гэмт хэргийн улмаас хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдийг хамгаалах
- Хохирол нөхөн төлүүлэх ажиллагааг эрчимжүүлэх ажил хэрэгжинэ.
Мөн Монгол Улсад хулгайлах, залилах, цахим мөрийтэй тоглоом, хар тамхины хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах, таслан зогсоох чиглэлийн арга хэмжээ авах юм.
Энэ талаар цагдаагийн хошууч Х.Түвшинбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, “Цагдаагийн байгууллагад он гарснаас хойш нийт 24,811 хэрэг бүртгэгдсэнээс залилах гэмт хэрэг 7,063 буюу нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 28.5 хувийг эзэлж байна. Залилангийн гэмт хэргийн 4,095 нь буюу 58 хувь цахим орчинд үйлдэгдсэн.
Цахим гэмт хэргийн улмаас энэ оны байдлаар иргэдэд 209 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдыг насны ангиллаар нь авч үзвэл 30-34 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаа бол эрэгтэй 1,377, эмэгтэй нь 1,784 хохирогч байна” гэв
Мөн Тайланд, Турк, Вьетнам зэрэг орнуудад очоод мөрийтэй тоглоомын сайт байгуулан монгол улсын иргэдийг хохироох асуудал үүсгэсэн этгээдүүдийг “Шувуу” ажиллагааны хүрээнд авчран монгол улсын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.