Дарxлаажуулалтад xамрагдсанаар Папиллома вирусын xалдвараас сэргийлэx боломжтой
Жил бүрийн 8 дугаар сард “УЛААНБААТАР ЯВГАН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ” зохион байгуулагддаг уламжлал тогтжээ.
Энэ жилийн хувьд 2024 оны 8 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд тус арга хэмжээ зохион байгуулагдаж Монгол улсын өнцөг булан бүрээс явган алхах дуртай хүмүүс хүрэлцэн ирэхийн зэрэгцээ Солонгос, Орос, Америк, Англи, Хятад, Тажикстан, Филиппин, Чех, Тайвань гэх мэт гадаадын явган алхагчид оролцжээ.
Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 500-аад алхагчид 3 өдрийн туршид эх дэлхийгээ хайрлах, хүн хоорондын харилцаа, нөхөрлөлийг хөгжүүлэх, эрүүл зөв дадал хэвшлийг түгээн сурталчилах зорилгоор нэгдэн алхацгаав.
Нийслэл Улаанбаатар хот, хот орчимд аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Явган Алхалтын Холбоо болон Монгол оллэ байгууллага хамтран зохион байгуулжээ.
Нийслэл хотын төв талбай, Төрийн ордон, дуурийн театр, драмын театр, Хүүхдийн ордон, хүүхдийн парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг түүхэн дурсгалт газар, хөшөө дурсгалууд, орчин үеийн хотын хөгжлийг тольдон Туул голын эрэг дагуу алхаж, Тэрэлжийн бүс нутагт байгалийн үзэсгэлэнт газрууд, Эзэн Чингис хааны түүхт газруудад хөл тавьж хамтдаа алхсан алхагч нар сэтгэл дүүрэн байж, олон улсын нөхөрлөлийг үүсгэж байгаа нь сайшаалтай байлаа.
Анх удаа тус фестивальд оролцож байгаа явган алхагчид сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, жил бүрийн хүсэн хүлээдэг арга хэмжээ байх болно гэдгээ илэрхийлж байв.
Тус фестивалийг дэмжиж Тнгри групп ХХК-иас Kimchi Ramen, Mushroom spicy бүтээгдэхүүнээр, Монос хүнс ХК-иас Экос pH8.5 цэвэр усаар, Грийн групп ХХК-иас Слава брэндийн бүтээгдэхүүнээр, Chinggis-21 Mountain Resort, NatureHike Mongolia аялалын хэрэгслийн дэлгүүр, Арамт хутганы дэлгүүр, TrexPro аялалын гутлын брэнд, Doogee гар утасны брэндүүд оролцсон бөгөөд нийт алхагчдад урам зориг, эрч хүчийг өгч, эрүүл зөв дадал хэвшлийг бүтээхэд чухал хувь нэмрээ оруулсан явдал байлаа.
Түүнчлэн тус фестивалийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан Горхи-Тэрэлжийн БЦГ-ын захиргаа, Нийслэлийн Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Шинэ хотын цамхаг ХХК,
Камерийн хяналтын нэгдсэн төв, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, БТСУХ, НЭМҮТ, Good Resort амралтын газар, Явдаг кофешоп, Saraana nature conservation foundation -д зохион байгуулагчид, явган алхагчид, нийт оролцогчид талархаж байна.
Хамтын ажиллагаа, бүтээлч оролцооны үрээр аялал жуулчлалын нэгэн чухал арга хэмжээ хүрээгээ тэлж, иргэдийн оролцох дуртай хөтөлбөр болж байна.
Улаанбаатар явган алхалтын фестиваль хэдийгээр явган алхалтын арга хэмжээ боловч отог цэг, үдлэх байршлууд дээр зохион байгуулагчдын бэлдсэн урлаг, соёлын сонирхолтой үзүүбэрүүдийг бэлтгэсэн нь алхагчдад тун сонирхолтой байв.
Тухайлбал, фестивалийн хоёрдахь өдөр зохион байгуулагдсан морьт харвааны үзүүлбэр гадаад, дотоодын алхагч нарын таашаалд нийцэж байлаа. Chinggis-21 mountain resort дээр болсон тус арга хэмжээнд морьт харваа, морин циркийн хосолсон үзүүлбэрийг үзүүлж, нийт оролцогчид том тойрог болон хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж наадав.
Түүнчлэн этник уран бүтээлч СТА Д.Шижирмаа, саксфон хөгжимчин Баасанжаргал, лимбэчин Мөнх-Эрдэнэ, морин хуурч Батдорж, Нийслэлийн Улаанбаатар чуулгын хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн зэрэг олон арван авъяаслаг уран бүтээлчдийн урлагийн тоглолтууд фестивалийг чимж байлаа. Хаалтын үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж, оролцогчид сертификат, шагналуудаа хүлээн авав.
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас эхлээд Увс, Ховд, Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Сэлэнгээс зорьж ирсэн олон алхагчид нутаг нутгийн зүг мордож, фестивалийн сонин сайхныг дуулгахаар зүг бүрдээ хөдөлж, хүрсэн газар бүрдээ алхалтын ач холбогдлыг таниулах болно.
Энэхүү фестивалийн эргэн тойронд болж өнгөрсөн үйл явдлын талаар мэдээлэл авахыг хүсвэл www.facebook.com/groups/MongolWalkers цахим групт хандаарай. Монгол улсыг зорин ирж оролцсон гадаад орны алхагчиддаа байгалийн сайхан, орчин үеийн хотын хөгжлийг харуулах нэгээхэн боломж бол явган алхалт юм.
Жил ирэх бүр хүрээгээ тэлж, оролцоо нь нэмэгдэж байгаа “Улаанбаатар явган алхалтын фестиваль – 2024” -ийн нэгэн жилийн арга хэмжээ ийнхүү амжилттай өндөрлөлөө.