НИТХ-ын 18 дугаар тогтоолоор нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосонтой холбоотой тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан.
Одоогоор Улаанбаатар хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байна. Тэдгээр тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болжээ. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд эдгээр авто машин хөдөлгөөнд оролцох боломжтой. Ингэснээр нийслэлд өдөрт 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Тиймээс тэг зогсолтоос урьдчилан сэргийлж, Зам тээврийн сайдын тушаалын дагуу ажил хүлээлцэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг өнөөдрөөс түр зогсоогоод байна.