“Оюу толгой” компани Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Говийн өв: Цөлжилтийн эсрэг Ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар говийн бүс нутагт тулгарч буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, экосистем, биологийн олон янз байдлын асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэж, судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан бүс нутгийн байгаль хамгааллын чиг хандлага, бодлогын хэрэгжилтийг хангахад олон талын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Мөн орон нутгийн бодлого боловсруулагчид, дотоодын болоод гадаадын эрдэмтэн судлаачид, цөлжилтийн эсрэг, түүний дотор бэлчээрийн тогтвортой менежмент, экологийн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг олгох юм.
Зорилго
Ойлголтыг нэмэгдүүлэх: Говийн бүсэд хийгдэж буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, экосистем, биологийн олон янз байдлын талаар судалгааны үр дүнг оролцогчид, салбарынхан, олон нийтэд таниулах.
Хамтын ажиллагааг дэмжих: Шинжлэх ухааны судалгаанд түшиглэсэн аргачлалаар, бодлогын хэрэгжилтийг хангахад салбар дундын, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх.
Шийдлүүдийг танилцуулах: Бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хэрэгжиж буй тогтвортой газар ашиглалт, экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалах байгальд суурилсан оновчтой шийдлүүдийг онцолж тодорхойлох, олон нийтэд таниулах.